Их Эзэн Чингис Хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол Улс-Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консулын газар, Монгол шуудан ХК-иас зохион байгуулж буй “Чингис Хаан ба Монгол” сэдэвт шуудангийн маркийн үзэсгэлэн гарлаа.
Үзэсгэлэнд Чингис хааны болон Монголын түүхэн 29 сэдвийн, 110 нэрийн марк, монгол уламжлал, соёл, билэгдэл, байгаль, ховор ан амьтны сэдэвтэй болон Монгол Улс, АНУ-ын харилцаа зэргээр гаргасан 42 онцгой сэдвийн маркуудыг дэлгэн үзүүллээ. Монголын өв уламжлал, соёл, түүхийг америкчуудад болон тус улсад амьдарч буй монголчуудад маркаар дамжуулан сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг үзэсгэлэн АНУ-д анх удаагаа гарсан нь онцлог байсан бол өөр хотуудаас олон монгол иргэд холбогдож, оршин суугаа газартаа гаргах хүсэлтээ илэрхийлж байлаа.
Үзэсгэлэнг Сан Франциско хотод оршин сууж байгаа монголчуудаас гадна марк сонирхогч америкчууд үзэж сонирхов. Мөн энэ үеэр Монгол шуудан ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн маркийн мэргэжилтэн М.Сэлэнгэ “Шуудангийн марк, үнэт цаас” сэдэвт лекц уншлаа.