logo
Я.Аюурзана: Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр"-өөр манай хийд дацангуудад “Бурхан багшийн чого” хурж, амьтны тусыг бүтээсээр ирсэн

Я.Аюурзана: Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр"-өөр манай хийд дацангуудад “Бурхан багшийн чого” хурж, амьтны тусыг бүтээсээр ирсэн

2022/11/14
Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр" энэ сарын 15-нд буюу намрын адаг сарын 22-нд тохиож байна. Уг өдрийг Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлалтай. Эл өдөр сүсэгтэн олон буяны үйлд шамдаж, бие, хэл, сэтгэл гурваар муу үйлийг тэвчиж сайн үйл хийхийг зорьдог тухай МУ-ын Гавьяат багш, Манба Дацан хийдийн зурхайч Я.Аюурзана ярьж байна. Үүнээс цаашхийг бидний дараах ярилцлагаас хүлээн авна уу?
 
Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр" буюу төвөдүүдийнхээр "Тэнгэрээс буусан дүйчэн өдөр" удахгүй тохионо. Ямар учиртай өдөр болох тухай бидэнд хэлж өгөөч. 
Бурхан багшийн “Эхийг ачийг хариулсан дүйчэн өдөр” нь намрын адаг сарын 22 буюу арваннэгдүгээр сарын 15-нд тохионо. Бурхан багш Тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар тус орноо залран эхдээ болон бусад Тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж замбутивд залран ирсэн хэмээн  манайд хэвлэгдсэн “Бурхан багшийн намтар”, түүхэн сурвалж ном сударт тэмдэглэсэн байдаг. Тайванийн Гаосюн хотын Бурхан багшийн музейд Бурхан багш 33 Тэнгэрийн орноо ном номлож, эхийнхээ ачийг хариулж байгааг дэлгэцээр үзүүлж, нэн ойлгомжтой, үзсэн хүн бүрт итгэл бишрэлийг төрүүлэх сайхан үзмэр байдаг билээ.Монголчууд Бурханы шашинт орон болсноор Номт гурван улсын нэг болж, олон зуун жилийн өмнөөс энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Манай хийд, дацангууд энэ өдөр “Бурхан багшийн чого” хурж, амьтны тусыг бүтээсээр ирсэн уламжлалтай. Ард түмэн маань нийтээр “Эхийн ачийг хариулах” энэ өдөр нас барсан бол төрлийг сайжруулахын тухайд, амьд сэрүүн байгаа бол нас буяныг арвитгах ном айлтгуулж, хурал номын газраар орж, өргөл өргөж буянаа зузаатгах, улмаар ачлал үзүүлж баярлуулах, сайн үйл хийж буйгаа үзүүлэх, ярих, хилэнц нүгэл, хэрүүл тэмцлийг тэвчих, муу дадал зуршил, муу үйлээсээ татгалзахаа ээждээ амлаж андгайлж, ач буяныг нь дурсан санаж, үлгэр дуурайлал болох, сайн үйлсийг нь хүүхдүүддээ дурсан ярих зэрэг олон хэлбэрийн сайн үйлийг хийж болно.
- Зөвхөн эхийн ач гэлтгүй аавынхаа ачийг ч хариулах ёстой тийм ээ. Хэрхэн эднийхээ ачийг хариулах вэ. Энд ямар нэгэн шалгуур байх уу?
- Тийм л дээ. Эцэг эх маань ямар их хайр, ачлалаар гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж, хүний зэрэгтэй болгохдоо мөн их цаг, хүч хөдөлмөр, эд эдлэлийг зарцуулсныг үргэлж санах учиртай. Аав ээжийнхээ хэн ч мэдэхгүй их хайр сэтгэлийн их хүч гаргаж байсныг ч төсөөлөн бодох ёстой.Юмны учир мэдэх цагаас эхлээд “Ингэж хий, ингэж болохгүй, ингэж яваарай” гэх мэт хэлж захиж, сургасан зүйл хичнээн их билээ. Ингэж ажиллаж амьдардаг юм гэдгийг биеэрээ үзүүлж дагуулж сургасан нь хичнээн их билээ. Захисан бүгдийг нь өнөөдөр би биелүүлж байгаа бил үү гэж бодох ёстой. Захисан сургасан зүйлийг нь биелүүлчихвэл аав ээж маань ямар их баярладаг билээ. Тэгэхээр захисныг нь биелүүлж, эцэг эхийнхээ сэтгэлд хүрч явах нь тэдний ачийг хариулж буй нэг том хэсэг юм. Мөн аав ээж бүрт хүүхдээ “Ийм л хүн болно. Ийм амжилтад хүрнэ” гэсэн итгэл хүлээлт байдгийг үргэлж бодон амжилт өөд тэмүүлж урагшлах ёстой. Амжилт бүтээлээ санаж төлөвлөж, зорьж байгаа зүйлээ аав ээждээ ярьж, тэдний зөвлөгөөг сонсох нь ч бас тэднийг баярлуулдаг. Энэ ч бас тэднийхээ ачийг хариулж буй нэг хэсэг. Мэдээж эцэг эхээ ачилж асрах нь ачийг нь хариулж буй хамгийн том буян юм. Хүүхдүүдийнхээ сайн үйлс бүтээж, сайхан амьдарч, хоорондоо эвтэй найртай байгааг л харж сэтгэл ханадаг улс шүү дээ.
- Шүүдрийн усаар цай чанаж өгөх нь нэг л шөнө босож хуурайлсан эхийн ачийг хариулсантай тэнцэнэ гэдэг дээ.
- Өвсний шүүдрийн дусал төдий усыг хурааж цай чанах хэмжээний болгоно гэвэл ямар их хэцүү байх билээ. Ер нь бүтэх болов уу? гэж хүн бүрт бодогдоно. Тэгэхээр эхийн ач гэдэг ямар их үнэ цэнтэй хэмжээлшгүйг харуулсан маш оновчтой зүйрлэл юм.  Бидний ээжүүд тийм хэмжээлшгүй их ачлал өгсөн хэрнээ буцаад биднээс түүнтэй тэнцэхүйц хариу нэхдэггүй. Ийм л болохоор ээж маань юутай ч зүйрлэшгүй Бурхан билээ. Бид эцэг эхээ баясгаж, асарч, хүндэлж, үг сургаалыг нь сонсож, авах гээхийн ухаанаар хэрэгжүүлж, өргөж ачилж явах ёстой. Ингэж л буянаа зузаалж, цаашдын үйлсээ тэгшилдэг учиртайг олон ном зохиолд зарлигласан нь бий. 

БИДЭНД ГОМДЛЫГ УУЧЛАЛААР ХАРИУЛАХ УХААЛАГ ЁС БАС БИЙ
 
- Өнөөдөр хүний мөс чанар муудсан талаар хүмүүс их ярих юм аа. Саяхны нэг тв-ийн мэдээгээр төрсөн ээж аавыгаа асрамжийн газарт өгсөн, харж ханддаггүй тухай гарч байна. Тухайн асрамжийн газрын хүн үүнийг гэр бүл салалттай холбож тайлбарлаж байсан. Тодруулбал, багад нь хаяж явсан аав ээждээ гомдсон гомдол ийм байдалд хүргэсэн гэсэн.  Үнэндээ гомдол улам ч их тухайн хүний /хүүхдийн/ сэтгэлийг өвтгөх юм шиг санагдаж байна.  
- Тийм л дээ. Монголын уламжлалт “ёс” хэмээхүйд эцэг эх хүний эрхэмлэх ёс зүйг сайтар номлосон байдаг. Тухайлбал, эцэг хүний таван эрдэмд өрх гэрийн түшиг, үр хүүхдүүдийн сүр сүлд болохыг дурдсан бол эцэг хүний цээрлэх найман зүйлд бор дарсанд үл шунах, үр хүүхдээ үл хараах, үнэнч ханийг үл гомдоох гэх мэт бий. Мөн эх хүний есөн эрдэмд үрд энэрэлтэй, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй байхыг сургадаг бол эхнэр хүний цээрлэх таван гэмд эр бусдыг үл сэтгэх гэж заадаг. Монгол эцэг эхчүүд энэ л ёсыг үеийн үед сахисаар ирсэн. Монголчууд амьдын хагацал хэцүү гэдэг дээ. Амьтан бүхэн үрээ энэрэн асарч өсгөдөг байгалиас өгөгдсөн мөн чанартай, жамтай. Түүнээс гажиж балчирхан үрээ орхих нь маш их нүгэлтэй.          Бидэнд гомдлыг уучлалаар хариулах ухаалаг ёс бас бий. “Сэгсгэр ч гэсэн миний ээж” гэсэн үг байдаг даа. Энэ нь уучлал энэрэл асралын сэтгэл үүсгэх нь чухал гэдгийг товч атлаа тод хэлж байгаа юм. Эцэг эхдээ гомдсон гомдлоо хүний ёсоор уучлах, улмаар асрах нь маш их буянтай. Энэ л хүний мөс чанар юм шүү дээ.
           Одоо хүний мөс чанар муудаж байгаа нь үнэн. Хүн ардаа аз жаргалтай, амар амгалан байлгахыг олон зуун мянган жилээр төр засаг анхаарлынхаа гол төвд авч явсаар өнөөдрийг хүрчээ. Одоо ч хүний сайн сайхны төлөө ярьж, хэлж, ажиллаж байгаа ч нэгдсэн бодлого зохицуулалт дутагдсаар байгаа нь таны асуултаар хөндөгдөж байна. “Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна” гэж Монгол Улс Үндсэн хуулиндаа заасан байдаг. Хүнлэг биш үйлтэй тэмцэх ёстой. Албан тушаалд дэвших, гавьяа шагнал хүртэх, сонгуульд нэр дэвшүүлэх гэх мэт олон асуудалд гэр бүлийн тогтвортой байдлыг харгалзан үздэг байх хэрэгтэйг амьдрал шаардаж байна шүү дээ. Хүмүүсээ хүнлэг нэгэн болгож төлөвшүүлэхэд олон ажил дорвитой зохиох хэрэгтэй байна. Зөнд нь орхичихвол муухай болдгийг одоо бид харж байна.
- Бас төрүүлж, өсгөсөн нь үнэн ч өтөл болсон аав ээжийгээ заавал харж хандах ёсгүй гэж үздэг хүмүүстэй ч нэг бус удаа таарч байлаа.  Энэ бол өр төлж байгаа зүйл биш тийм ээ.
- Тийм ээ, өр төлж байна гэж бодохоос илүү эцэг эхийгээ асарч халамжлах, Бурхан болсон хойно нь ч сайн төрлийнх нь төлөө ном буян хийж байгаа нь хүний ёс, хамгийн дээд буян юм гэж бодох ёстой. Энэ буянаараа цаашдын үйлээ тэгшилж, ашдын жаргал эдэлнэ. Өтөл болсон эцэг эхийнхээ сургаал үгийг сонссоноор ажил амьдралдаа тусгах юм их бий. “Хазгар өвгөнд эрдэм бий. Хар авдарт эрдэнэ бий” гэсэн үгийг бодож л явах ёстой юм шүү дээ.
- Муу аав ээж гэж байх уу?
- Ер нь сайн муу гэсэн тогтсон хэмжүүр байхгүй. Энэ бол харьцангуй ойлголт. Аливаа зүйлд гэрэлтэй сүүдэртэй тал бий. Нэг зүйлийг нөгөөтэй нь нэг талаас нь харьцуулж харсан ойлголт. Эцэг, эхийн ёсоо баримтлахгүй байгаа аав ээжийг муу гэж хэлж болох юм. Гэтэл муу гэж үзэж байтал түүнээс муу аав ээж байхыг хэн байг гэх вэ. Бас эд баялгаар ч юм уу эрх мэдлээр илүү сайн аав ээж байж болно. Гэвч түүнд байхгүй сайн чанар өөр нэг аав ээжид байж таарна. Гарт баригдаж, нүдэнд харагдахгүй ч хүүхдийнхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй хүмүүс аав ээж байдаг шүү дээ. Тэгэхээр зөвхөн аав ээж ч гэлтгүй нэгнийхээ сайн чанарыг түрүүлж олж харахыг хичээх хэрэгтэй юм. Амьдрал мөнх бус. Нэгэнт өнгөрсөн хойно харамсаж суух мөн хэцүү еэ.
- Ээж аав хүүхдийн толь уу. Хүүхэд аав ээжийн толь болдог юм уу? Хүүхдийн хүмүүжлийн талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
- Толинд өөрийгөө харж зарим зүйлээ засаж янзалдаг. Бас “Толь бичиг” харж үгийн учир утггыг ойлгож авдаг. Хүүхэд эцэг эхээ харж биеэ засаж, дуурайх, түүний хэлж ярьснаар  юмны учрыг мэдэж авдаг. Аав ээжийнхээ үгийг туйлын үнэн гэж боддог. Эцэг эх бол хир буртаггүй тунгалаг толь нь байх ёстой.“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шүү дээ. Хүүхдүүд маань намайг л харж байгаа, намайг л дуурайж хүмүүжнэ гэж эцэг эхчүүд үргэлж бодож явдал мөрөө хянаж, явах ёстой юм. Хүүхдийнхээ өмнө буруу үлгэр үзүүлэх эрх эцэг эх хүнд байхгүй. Өөрөө буруу үлгэр үзүүлчхээд хүүхдийнхээ буруу үйлийг гайхаад байдаг зарим эцэг эхчүүд мэр сэр бий. Нэг хүний муу үлгэр дуурайлал, өөрийн хүүхдэд нөлөөлөөд зогсохгүй, хүүхдээр нь дамжин бусдын олон хүүхдэд нөлөөлдөг. Ингэж олон хүнд нөлөөлсөн нь нийтийн мөс чанар муудахад нөлөөлдөг. Энэ л хамгийн хортой. Манай монголчууд үүнийг “Муугийн уршиг олонд, Могойн цус тэнгэрт” гэж цэцэлсэн байдаг юм.
- Орчин цагт чангахан дуугарч ч загнах аргагүй болсон байна. Та бол багш хүн. Хүүхэд хүмүүжлийн талаар баримталж ирсэн ямар зарчим байна вэ?
- Тийм ээ. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа үйлдэл мэр сэр байна. Эцэг эх, багш нарыг “Эд нар яах бол” гэх байдлаар хандаж хүүхдийн эрхийг хамгаалах нь хүүхдийг эцэг эх, багш нараас нь хөндийрүүлж, ойр дотно харилцаагүй, болгоомжтой харьцахад хүргэж байна. Юмны учир мэдэхгүй балчир хүүхдийг юмны учир мэддэг болчихсон хүн шиг эрх, дураар нь, өөрийнхөөр нь шахаж шаардахгүй бол хэн болж төлөвших бол оо? Монголчууд хүүхдээ олон мянган жил сурган хүмүүжүүлж ирсэн өв уламжлал, баялаг туршлагатай. Сайн хүү, сайн охин болгох тодорхой үзүүлэлт, тийм болгож сургах зарчимтай байсан. Сайн хүү бол эцгийн сургаалаар явдаг. Эрдэм сурах дуртай, энэрэх сэтгэлтэй, ах дүүстэйгээ аятай харьцдаг, тэдэнд тустай, дөлгөөн ааштай, уургүй, шударга, наадам цэнгээнд дургүй, ажилд арга эвтэй, зүтгэлтэй, бүтээмжтэй байх ёстой. Эцэг эхчүүд ч хүүхдээ ийм болгож хүмүүжүүлдэг. Хүү ч тийм болохыг хичээдэг байх нь. Хэрвээ муу хүү болчихвол эцгийн сургаалыг үл тоогч, тэнэг бөгөөд хэдэр, эд юмаа нуун худалддаг, эрх танхи, ахас ихсийг муулах, бусдад үл туслах, хов үг зөөгч болчихдог тухай дурдсан ном судрууд байна. Мөн сайн охин гэхэд цэвэрч, нямбай, гоо сайхандаа анхаардаг, номхон дөлгөөн зантай, саруул ухаантай, эхийн сургаалаар явдаг, эгч дүүстэйгээ эвтэй, эсгэх оёход уран, наадам цэнгээнд дургүй, ахуй биеэ  хичээж хадгалаад, ахас ихсийг хүндэлдэг, уур хилэнгүй байдаг. Ийм л охид болохыг охид бүр хичээдэг байх нь. Эцэг эхчүүд ч чармайдаг. Хэрэв хичээхгүй бол муу охин болно. Муу охин бол авир дүр нь чөтгөр мэт, ааш нь сармагчин мэт, асар их ууртай, алхай залхуу, эхээ сургахад уурладаг, ачит багшийн заасныг сурах дургүй, ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, наадам цэнгээнээр хэсэгч, үйл хийх дургүй, хов үг хэлэх дуртай, айх ичихийг үл мэдэгч, шалиг үгтэй, садар самуун явдалтай аальгүй нэгэн болдог. Ийм болчихгүйн тулд охин ч хичээж, эцэг эх багш нар ч анхаарч сургадаг. Юмны учир мэдэхгүй балчир хүүхэд залхуурах, биеэ  өмөөрөх, бурууг бусдад өгөх, худал хэлэх гэх мэт буруу үйлдэл гаргах нь байдаг. Тэр нь дахин дахин давтагдвал буруу зуршилтай болчих гээд байдгийг хүн бүр мэднэ. Тиймд зөв үйлийг гэр бүл, сургуульд зааж өгч хэвшүүлэх, бурууг жигшүүлж, шахаж шаардаж, уйгагүй үйл ажиллагааны үрээр муу зуршилгүй хүн болж төлөвшдөг.
“Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг үг байдаг даа. Энэ нь хүүхдийг яаж сургаж байсан арга ухааныг маш товч тодорхой хэлсэн байгаа юм. Багш хүн бол ганц хүүтэй эх хүүхдээ яаж энэрч асарч сургадаг билээ. Тийм л байдлаар шавь нартаа хандах учиртай. Энэрлийн сэтгэл үүсэхээр хармын сэтгэл үгүй болж хамаг чаддаг бүхнээ харамгүй зааж сургадаг юм л даа. Тийм болохоор шавь нь “Энэ намайг яах бол” гэж багшдаа эргэлзэлгүй “багшийгаа хүндэлж” сурдаг учиртай. Багшийн шаардлага шахалтын цаана асрал энэрэл нь далд байдгийг шавь нар хийгээд эцэг эхчүүд ойлгож, итгэж багшаас сурах ёстой. Багшаа хүндэлж байж сайн сурна. Хэрэв өөлж муулбал түүнээс мууг нь л сурна шүү дээ.
- Хүүхдийг хүн болгож өсгөнө гэдэг амаргүй юм аа.  Боловсролоос илүү хүн болж өснө гэдэг үнэ цэнтэй мэт санагддаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
- Хүүхдэд боловсрол олгох явцдаа хүмүүжилтэй болгох ажлаа зэрэг явуулж байж, боловсролтой хүмүүжилтэй хүн төлөвшүүлдэг. Хүмүүжлийн орчин бол гэр бүл, сургууль. Мөн нийгэм. Тийм учраас нийгмийн ёс зүйн асуудал  хамгийн чухал. Иймд цахим орчин цэцэглэн хөгжиж буй энэ эрин үед хүүдийн хүмүүжилд анхаарах асуудал улам нарийн төвөгтэй болж байна л даа. Нийгмийн сүлжээнд тавигдаж буй  олон асуудалд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байх ёстой. Мөн радио, телевиз, сонин хэвлэл, кино зэрэг үзвэр үйлчилгээнд ч хяналт тавьж хүүхдэд буруу үзэл бодол төлөвшихөөс сэргийлдэг төрийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Баярлалаа. Хоёулаа их өргөн сэдвээр товчхон ярилцлаа. Монгол улс бол бусад улс орноос ялгагдахуйц өөрийн гэсэн хэлтэй, өөрийн бичиг үсэгтэй, өвөрмөц ёс заншилтай. Хүүхдээ “Монгол хүн” болгож сурган хүмүүжүүлж ирсэн өөрийн гэсэн сурган хүмүүжүүлэх ухаан, арга туршлагатай. Эртнээс хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн өв уламжлал маань ном шастирт бичигдэж үлдсэн нь бий. Түүнийгээ өнөөдөр уламжлал шинэчлэлтэй хослуулан боловсруулах хэрэгтэй байна. Монгол хүн бол Монгол орны баялаг, Монгол улсыг хөгжүүлэх хүчин мөн.
Эрүүл чийрэг биетэй, хүчирхэг дайчин, үнэнч шударга, цог хиймортой, оюунлаг /билэг танхай/, худал ярьдаггүй, хулгай хийдэггүй, ажилсаг хүнийг л Монгол хүн гэдэг. Ийм л хүнийг бид төлөвшүүлэх ёстой. Монгол хүн бүрийг иймболгохын төлөө Монгол хүн бүр ийм байхын төлөө чармайхыг уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэлүүд

Дээш