УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд Нийтийн сонсголын тухай хуулийн холбогдох зүйл, заалттай холбогдуулан нэр бүхий УИХ-ын 9 гишүүн ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах санал гаргаж байгаагаа уулзалтын эхэнд танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ, “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсний экспортын гэрээнүүдийг ил болгох, 2020-2022 онуудад Монгол Улсын хилийн боомтоор экспортлосон нүүрсний хэмжээ, үүнээс олсон орлого зэрэг асуудлыг Улсын Их Хурал дээр нээлттэй хэлэлцэж, олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна гэлээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, өнөөдөр Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцсэн. Үнэнийг зөв тогтоохын тулд шаардлагатай бүх байгууллагын төлөөлөл, үүнд хууль, хяналт, хил, гаалийн төлөөллийг байлцуулж, нээлттэй сонсгол хийн, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн байр суурь дээр тогтсон гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг асуудалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамж гарган цэгцлэх нь зүйтэй гэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасан. Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой. Иймд улс орны эрх ашгийн үүднээс УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан хянан шалгалтын ажлын хэсэг байгуулж байна гээд ажлын хэсгийн гишүүдэд хандан нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулахыг үүрэг болголоо.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хилийн боомтын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нар ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.