Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа.
-Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос гаргадаг. Энэхүү дурсгалын зоосыг гаргаж байгаа гол зорилго, ач холбогдол нь юу вэ?
-Монголбанкны дурсгалын зоос 50 гаруй жилийн түүхтэй. Анх БНМАУ-ын Улсын банк 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, гууль, никелиэр үйлдвэрлэж байсан. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Монголбанк нь үнэт болон бусад металлаар хийсэн дурсгалын зоос гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд 2021 оны байдлаар нийт 634 төрлийн онцгой сэдэв бүхий дурсгалын зоосыг үйлдвэрлүүлсэн байна. Энэ нь зоос цуглуулагч, сонирхогч иргэдэд үнэт цуглуулга, бэлэг дурсгалын зүйл болж чаддаг болов уу. Дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг, чимэглэл, загвар, бичвэр, металл, технологиороо хоорондоо ялгаатай.
-Дурсгалын зоос гаргахад ямар үйл явц өрнөдөг вэ. Дурсгалын зоосны загвар дизайныг хэрхэн гаргадаг вэ?
-Нэн тэргүүнд тухайн жилд гаргах дурсгалын зоосны сэдвээ буюу ямар цувралыг шинээр эхлүүлэх, ямар цувралыг үргэлжлүүлэх вэ гэдгээ жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгадаг. Тухайлбал, 12 жилийн зоос бол жил бүр гардаг. Мөн онцгой чухал үйл явдлууд, олон улсын харилцааны тэмдэглэлт ой, алдартай, түүхэн хүмүүсийн цувралын зооснуудыг нэн тэргүүнд төлөвлөгөөндөө тусгаж батлуулдаг. Монголбанкны Эрдэнэсийн сангаас өнгөрсөн онд “Ардын хувьсгалын 100 жил” дурсгалын зоосыг гаргаж байсан бол энэ онд олон улсын харилцааны тэмдэглэлт ойн хүрээнд “Монгол-Япон”, “Монгол-Австрали” дурсгалын ялтсан мөнгөн тэмдэгтийг гаргалаа. Түүнчлэн алдартай түүхэн хүмүүсийн цувралын хүрээнд “Махатма Ганди” зэрэг зоосыг гаргаж байсан.
/”Монгол Улс-Япон Улс” дурсгалын ялтсан мөнгөн зоос – 2022 он/
/”Монгол Улс- Австралийн холбооны улс” дурсгалын ялтсан мөнгөн зоос – 2022 он/
Ингээд жилийн ажлын төлөвлөгөө батлагдсаны дараа зоосны загварыг гаргах, танилцуулах, зөвшөөрөл өгөх зэрэг ажлууд хийгдэнэ. Дурсгалын зоосны загварыг захиалагчаас авч, санал тусган үйлдвэрлэгч байгууллагад хүргүүлдэг бөгөөд эцсийн загварыг баталдаг. Ингээд эцсийн байдлаар батлагдсан загвараар үйлдвэрлэгч компани дээр үйлдвэрлүүлнэ. Түүнчлэн цуврал зоосон дээр уран зураач, эсвэл гэрэл зурагчидтай хамтран ажиллаж, загварыг гаргах нь бий. Анх 1971 онд гарсан “Ардын хувьсгал 50 жил”, 1974 онд гарсан “Үндэсний банкны 50 жилийн ой” зэрэг дурсгалын зоосны загварыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Цэрэнпил зурсан. Үүнээс хойш техник, технологи, уран бүтээлчдийн чадвар улам хөгжиж, зоос үйлдвэрлэх технологи, загвар, ур хийц эрс сайжран олон улсад өрсөлдөхүйц болж байна.
-Дурсгалын зоос болон Франчайз зоосны ялгаа юу вэ?
-Дурсгалын зоос нь Монголбанкнаас санаачлан гаргаж байгаа зооснууд юм. Харин франчайз зоос нь Монголбанкнаас тухайн сэдвийн хүрээнд зөвшөөрөл авч, Монголбанкны нэр, бэлгэдлийг багтаасан зооснуудыг хэлдэг. Тухайлбал, 2021 онд Монгол Улсын “Цагаан уул” франчайз зоос, “Veliciraptor” зоосууд олон улсын шилдэг зоос шалгаруулах уралдаанд шилдгээр шалгарч байсан. Мөн хамгийн сүүлд гэвэл туулай жилийн франчайз зоос алт, мөнгө, ялтсан мөнгөн зоос гэсэн гурван төрлөөр гарсан байгаа. Франчайз зоос нь борлуулалтаасаа Монголбанканд рояалти төлдөг. Манай дурсгалын зоос олон улсын дурсгалын зоосны уралдаан, дэлхийн зоосны үзэсгэлэнд удаа дараа шилдэг зоосны шагналыг хүртэж байсан.
/“Туулай жил” франчайз зоос – 2022 он/
-Дурсгалын зоосоо хаана хийлгэдэг вэ?
-Монголбанкны анхны дурсгалын зоосыг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад үйлдвэрлүүлсэн. Түүнээс хойш “Зоос гоёл” ХК болон ОХУ-ын “Гознак” үйлдвэр, Япон улсын “Иточү” компани, “B.H.Mayers” компани, “Royal mint”, “Valcami Sa” зэрэг үйлдвэртэй хамтран ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд Лихтенштейн улсын “Койн инвест траст” компанитай хамтран ажиллаж, дурсгалын зоосыг ХБНГУ-д үйлдвэрлүүлж байгаа. Олон улсад нэр хүндтэй, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигладаг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт сайтай компанитай хамтран ажилласнаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн дурсгалын зоосны үйл ажиллагаа улам өргөжиж байна.
-Дурсгалын зоосыг иргэд, олон нийт хэрхэн худалдан авах вэ?
-Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны мэдээллийг www.coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой. Энд тухайн зоосны жин, хэмжээ, металл, үнийн мэдээлэл нь тодорхой бичигдсэн байдаг. Мөн төлбөр төлөх дансны мэдээлэл, зааварчилгаа ч бий. Тэгэхээр төлбөрөө төлсний дараа худалдан авагч Монголбанкны Эрдэнэсийн сан дээр өөрийн биеэр ирж, зоосоо авна. Эрдэнэсийн сангийн хувьд Эрдэнэсийн сангийн танхим, Дурсгалын зоосны танхим, Мөнгөн тэмдэгтийн танхимыг олон нийтэд нээлттэй үзүүлдэг. Эндээс зоосны болон төлбөрийн хэрэгслийн түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
-Зарим нэр төрлийн дурсгалын зоос дууссан байсан. Монголбанкнаас дахин үйлдвэрлэх үү?
-Худалдаанд гарсан дурсгалын зоос дууссан нөхцөлд дахин үйлдвэрлэдэггүй. Ийм ч учраас зоос цуглуулагч нарын хувьд ховорт тооцогддог. Харин тухайн зоосны цуврал нь үргэлжилнэ. Цөөн тоогоор, үнэт металлаар үйлдвэрлүүлсэн зоос эрэлт ихтэй байдаг. Жишээ нь, саяхан гарсан “Данзангийн 1 доллар” ялтсан мөнгөн дэвсгэртийн цуврал нь 2023 онд үргэлжилж гарна.
“Данзангийн 1 доллар” ялтсан мөнгөн зоос – 2022 он
Ингэснээр уг зоос нь иж бүрэн цуглуулга болох юм. Данзангийн доллар нь өөрөө 50 цент, 1 доллар, 3 доллар, 5 доллар, 10 доллар, 25 доллар гээд нийт 6 ширхгээр нэг иж бүрдэл болох юм.
-Монголбанк өнгөрсөн хугацаанд хэчнээн нэр төрлийн хэдэн ширхэг зоосыг худалдсан бэ?
-Монголбанкнаас дурсгалын зоосны 50 жилийн ой буюу 2021 оны эцсийн байдлаар 634 төрлийн дурсгалын зоос гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар 663 төрлийн дурсгалын зоос худалдаанд гаргасан байна. Дурсгалын зоос нь түүхэн үйл явдал, түүхэн хүмүүс, олимп ба спорт, ан амьтан, он тоолол, од гараг гэх зэрэг сэдвээр цуврал болж, алт, мөнгө, зэс болон бусад металлаар хийгддэг. Түүнчлэн Монголбанкнаас дурсгалын зоос эрхлэн гаргасны 50 жилийг ойд зориулан “Монгол Улсын дурсгалын зоос 1971-2021” каталоги худалдаанд гаргасан. Уг каталогид дурсгалын зоосны он дараалал, зоосны мэдээллийг эрэмбэлэн дугаарлаж оруулснаар дурсгалын зоос сонирхогч, судлан цуглуулагч нарт ач холбогдолтой ном болсон юм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монгол банк