Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Хотын дарга өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа болон машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хоёр удаа их хэмжээний цас ороход бэлтгэл ажлыг сайтар хангаж ажилласны хүчинд хүндрэл бэрхшээл гараагүй гэдгийг онцлоод, бодисын 2414 тонн, давсны 4720 тонны нөөцтэй байгааг хэлсэн.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан бөгөөд тухай бүр гэмтлийг засварласан. Манай байгууллага 1125 км шугам хариуцан ажилладгаас 65 хувь нь насжилтын хугацаа дууссан. Ажилчид 24 цагаар ээлжлэн жижүүрлэн ажиллаж байна” хэмээлээ.
Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Дөрвөн дулааны станц хэвийн ажиллаж байгаа. Хотын хэмжээнд 13200 орчим барилга объектын дулаан хангамжийг хэвийн хангаж байна. Байгууллагын харьяанд 370 км дулааны төв шугам байгаагаас гэмтэл, саатал гараагүй” гэв.
Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн нөхцөл байдал болон түлшний чанар, стандарт, борлуулалт, тээвэрлэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Баруун, зүүн үйлдвэрт 14 шугам ажиллаж байгаа. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Ид хүйтрэлтийн үед өдөрт 3800-4000 тонн түлш гарч байсан” хэмээлээ.
Орон сууцны бодлого, төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Энэ онд дахин төлөвлөлтийн хүрээнд 4500 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Урьдчилсан байдлаар 5680 айлын орон сууц ашиглалтад орохоор байгаа. Энэ хүрээнд 259 нэгж талбар чөлөөлж, 388 яндан буусан гэсэн үг. 2023 онд 4800 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.