logo
Дэлхийн улсууд шинэ оноо хэрхэн угтдаг вэ

Дэлхийн улсууд шинэ оноо хэрхэн угтдаг вэ

2012/01/03
Улс орон болгонд шинэ оноо угтах янз янзын уламжлал байдаг. Нью-Йоркчууд хайрын үнсэлтээр ирж буй шинэ оноо угтдаг бол Филиппинчүүд шинэ ондоо аз жаргалтай байхыг бэлэгдэж бөөрөнхий хэлбэртэй жимс ногоо хэрэглэдэг. Испаничууд яг он солигдох мөчид усан үзэм иддэг. Даничууд хоол идсэн тавгаа хагалж, хагарсан олон хэсгийн тоогоор найз нөхөдтэй болохыг бэлэгддэг.
Америкийн Виржиния мужийн оршин суугчид шинэ жилээр гахайн шарсан мах зооглодог. Харин Гүрж улсад шинэ он гарсны дараа тухайн айлд ирсэн анхны зочин уг айлд аз жаргалыг авчирна гэж бэлэгддэг. Чихэрлэг зүйл ч ихээр хэрэглэдэг байна. Канадчууд шинэ жилийн өмнөх орой үдэшлэгт явж гэрээс гадуур шинэ оноо гаргадаг. Мөн шинэ жилээрээ Франц-Канадын холимог үндэсний хоол иддэг. Аргентинчууд шинэ жилээр шинэ хувцас өмсдөг. Он солигдсоны дараа гарч, гэр бүл болон найзуудтайгаа уулзаж, цэнгэдэг байна. Энэтхэгчүүдийн хувьд өөрсдийнх нь хэрэглэдэг уламжлалт хуанлийн дагуу шинэ жил нь 11 дүгээр сард болдог. Энэтхэгчүүд шинэ оны өмнө гэр бүлээрээ цуглан залбирч, хамтдаа хооллон авчирсан хоолоо солилцож иддэг байна. Перучууд шинэ жилээр далайн эрэг дээр зохиогддог үдэшлэгт ордог. Перугийн ард түмэн уламжлалын дагуу аз жаргалыг бэлэгдэж шар өнгийн дотоож өмсдөг, хайрыг бэлэгдэж улаан өнгийн дотоож өмсдөг байна. Хятадууд цагаан будаатай шөл идэж, ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг.
Германчууд баян чинээлэг байж, урт наслахыг бэлэгдэж шинэ жилээр байцаа хэрэглэдэг. Зарим нэг нь тугалга хайлуулж, хүйтэн усанд хийн гарсан дүрсээр нь ирэх оноо бэлэгддэг байна. Туркчууд гадаа гарч цасаар байлдаж тоглож, шинэ оноо угтдаг байна. Бразилчууд 12 сарын 31-нд гадуураа цагаан хувцас өмсөж, баян чилнээлэг байхыг бэлэгдэж дотуураа шар өнгийн дотоож, хайрыг бэлэгдэж улаан дотоож өмсдөг. Венесуэлчүүд шар өнгийн хувцас өмсдөг байна. Монголчууд бид цагаан сарын буузны мах илүү гарвал хоол ундаар баян жил болно, гурил илүү гарвал өмсөх хувцсаар баян байх болно гэж билэгддэг ард түмэн билээ.             
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш