Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр захирамжаар байгуулсан.
Тус ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, ажлын хэсгийн нэгдсэн төлөвлөгөө болон Газрын ерөнхий хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулан байгуулсан.
Дэд ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, ажлын хэсгийн төлөвлөгөө болон цаашид хийх ажлын талаар хэлэлцэв. Бэлчээр, хадлан, тариалан, хөдөө аж ахуй, хилийн цэс, тэг гортиг, хот суурины эдэлбэр газар, газар ашиглалтын бүсчлэл, хот төлөвлөлтийн уялдаа, нийгмийн зайлшгүй хэрэгцээ, газар өмчлөл, байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг, уул уурхай гэсэн салбаруудад газрын харилцааг зохицуулах, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын эрх хэмжээ болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар, иргэдийн оролцоо, Геодези, кадастр, газрын үнэлгээ, төлбөрийн чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн саналыг нэгтгэж, дэд ажлын хэсгийн дараагийн хуралд танилцуулж батлахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: БХБЯ