logo
Ерөнхий боловсролын 3 сургууль тутмын 1 нь мэргэшсэн сэтгэл зүйчтэй боллоо

Ерөнхий боловсролын 3 сургууль тутмын 1 нь мэргэшсэн сэтгэл зүйчтэй боллоо

2022/12/19

Одоогоос жил хагасын өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх болон сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, ерөнхий боловсролын салбарт сэтгэл зүйчийн дэд тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал солилцож байв.

Анх 2021 оны долоодугаар сард Швейцарын хагжлийн агентлаг "Тогтвортой хөгжлийн боловсрол II" төслийн түшиц 30 сургууль дээр боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн бэлтгэсэн бол үүний дараа Бадамлин НҮТББ үндэсний лаборатори 45 сургуулийг боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчтэй болгох ажлыг дэмжиж, хамтран ажилласан юм.

НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсролын салбарт сэтгэл зүйчийн дэд тогтолцоог бэхжүүлэх, боловсролын сэтгэл зүйчдийг бэлтгэх асуудлыг дэмжин хүсэлт гаргасан ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 3, 4 дүгээр ээлжийн сургалтыг хамтран зохион байгууллаа.

Дөрөв дэх ээлжийн сургалтад 103 сэтгэл зүйч бүртгүүлснээс 88 сэтгэл зүйч сургалтаа амжилттай дүүргэн боловсролын сэтгэл зүйчээр мэргэшин батламжаа гардан авав.

Сургалт 2022.11.07-ноос 2022.12.16-ны өдрийг хүртэл үргэлжилж, нийт 4 долоо хоногийн танхимын хичээл, 2 долоо хоногийн дадлага ажил гэсэн хэсэгтэйгээр явагдлаа.

Тус сургалтаар Улаанбаатар хотын дүүргүүд, Өвөрхангай, Дархан-Уул, Баянхонгор, Орхон, Өмнөговь, Увс, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах сэтгэл зүйчид мэргэшлээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш