Хувь хүн өөрийн төрөлх өвөрмөц чанар буюу хий, шар, бадганы хувь хэмжээг мэдсэнээр түүндээ тохирсон идээ ундаа, явдал мөр, эм, сэтгэл заслын үйлийг цаг улирлын хувиралд шүтэн зохицуулж чадваас эрүүл орших, урт наслах боломжтой.
Монголын уламжлалт анагаах ухаанд хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг хий, шар, бадганы аль нь давамгайлж байгаагаас нь хамааруулан авч үздэг.
Хийн төрөлх өвөрмөц чанартай хүн: Жижгэвтэр, туранхайдуу биетэй, бөгтөр нуруутай, хөхөвтөр зүс царайтай, хөрзгөр, ширүүвтэр арьстай. Зан чанарын хувьд аймхай, дуулах, инээх, наадах, ноцолдох, мөрийцөх, маргалдах дуртай. Нойр багатай, үесүүд нь дуугарах хандлагатай.
Тохирох идээ ундаа: Амтлаг, исгэлэн, давслаг амт бүхий хүнд, тослог, батлаг чадал эрдэмтэй идээ, ундаа буюу хонь, адуу, сарлаг, тахиа, загасны мах, монгол үхрийн борц, үрийн тос, жил өнжсөн цагаан болон шар тос, чөмөгний тос, сармис, сонгино, халгай, гоньд, төмс, лууван зэрэг ногоо, хар будаа, монгол амуу, үнээ, хонь, сарлагийн цагаан идээ, самар, анар, боргоцой зэрэг жимс, сүүтэй цай, хийцтэй цай, тараг, хоолондоо шинцай, лиш, задь, гаа зэрэг хоол амтлагчийг түлхүү хэрэглэнэ.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв