Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 29. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэр одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.
Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Өвлийн туйл болох улирал 6 цаг 35 минутад эхэлнэ. Хүйтний ес эхэлнэ. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.