Японы сумо гэдэг бөхийн барилдаанд ноцолддог байсан Кёкүшюзан Д.Батбаяр гэдэг хүн 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин сонгогдсон билээ.
Дээд сургуулийн 1-р курс төгссөн гэх энэ эрхэмд Сонгино Хайрханчууд итгэн, саналаа өгсөн шалтгаан нь их энгийн.
Тэрээр албан ёсоор дүүргийнхээ сонгогчдоосоо шилэн, 10 000 хүнийг Япон руу гэрээт ажилчнаар явуулна. Би бүх хүмүүстэй нь тохирчихсон байгаа. Японы Ерөнхий сайд ч миний найз хэмээн амласан юм.
Гэвч сонгуулийн дараахнаас “Хайраа оллоо, Баясгаланд дурлалаа”, “Цагаан хоолонд орлоо, турахаар шийдлээ”, “Цусаа өгөх гэж байсан ч цуйван хэтрүүлэн идээд болсонгүй” гэх зэрэг мэдээллээр л сонин, хэвлэлийн хуудаснаас салахаа больсон мань эр амлалтаа биелүүлээгүй л яваа билээ.
Энэ талаараа саяхан телевизээр ярилцлага өгөх үеэрээ албан ёсоор хариулт өгчээ.
Тэрээр : ” Би яг явуулах гэж байсан чинь Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрч, цацраг идэвх цацагдсаны улмаас Монголчуудынхаа эрүүл мэндийг бодоод больчихсон юм аа. Муусайн хятадууд хүртэл Хятадуудаа хайрлаад тэнд ажиллуулахгүй байхад манай Монголчууд тэнгэр заяатай хүмүүс. Тиймээс л сонгогчдоо хайрласан хэрэг. Цагийн байдал гайгүй болвол тийз захиад явуулнаа” хэмээн өгүүлсэн байна.
Хөөрхий, Сонгино Хайрханчууд Япон руу гэрээгээр ажиллахын тулд түүнийг дахин сонгох хэрэгтэй болж байгаа бололтой.
Ш.Хишигсүрэн