logo
Харь үгийг Монгол үгээр нэрлэж хэвшие

Харь үгийг Монгол үгээр нэрлэж хэвшие

2012/01/03
БСГ-ын ахлах мэргэжилтэн М.Баянбулгаа эх Монгол хэлээ ариун байлгах тухай сонирхолтой ярилцлага өглөө.

-Эх хэлээ хэрхэн хамгаалах вэ?
-Даяаршилын үед эх хэл, соёлоо хамгаалах нь зайлшгүй шаардлагатай асуудал болоод байна. Харийн соёлын нөлөө эх хэлэнд их тусдаг. Тэгэхлээр монгол соёл түүнд автах нь дамжиггүй. Нөгөө талаас хүн ам их цөөхөн болохоор хэл соёлоо хамгаалахад хүчин мөхөсдөнө. Монгол найруулгын уламжлалыг алдаж болохгүй. Үг бүр үнэ цэнэтэй зүйл.
Жишээлбэл, эснихэ-мэндлэх, төрөх гэсэн утгатай үг. Академич Б.Ринчений эснисний… гэвэл найруулга зохистой болно.  Өнөө цагт олон Монгол үг хэрэглээнээс шахагдаж байгаа нь харамсалтай. Хоёрдугаарт, Монгол үгийг зөв дуудах, зөв хэлэх ёстой.

-Сурагчид байтугай оюутнууд хүртэл зөв бичиж чадахгүй байна?
-Хэлний аливаа нэгж утга хэлбэрийн нэгдэл байдаг. Монгол хэлний сүүлийн ная гаруй жилийн сургалт хэлний хэлбэрийг, өөрөөр хэлбэл хэл зүйг зааж ирсэн учир найруулан бичиж чадахгүй байна. Харин хэлбэрийн гүн бүтцийг буюу утгыг заагаагүй учраас найруулан бичиж чаддаггүй. Монгол хэлний хичээл үг ямар утгатай вэ? гэдгээс эхлэх ёстой.
Эхлэх цэг нь энэ. Дунд сургуульд бүтээврийн утга, үгийн утга, хэллэгийн утга, хэлцийн утга, өгүүлбэрийн утгыг түлхүү заах ёстой. Утга гэдэг бол бодит юм, хүний сэтгэн бодсон ухагдахуун, хэлний тэмдэг гурвын шүтэлцээ байдаг. Ийм учраас монгол хэлийг ийм шүтэлцээгээр заах ёстой.

-Хүүхдэд хар багаас нь гадаад хэл заахыг чухалчилж байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Энэ буруу. Яагаад гэвэл унаган сэтгэхүй нь хоёрдоно. Зургаагаас дээш ангид гадаад хэл заах нь зөв. Ясан шүд ургатал гадаад хэл заамааргүй байна.

-Монгол хэлийг мөхөл рүү ойртож байна гэж үзэж болох уу?

-Монгол хэлийг мөхөж явна гэж дүгнэж болохгүй. Ярьдаг бичдэг хүн нь, үсэг бичиг нь байна. Амьд хэл учраас мөхөж байгаа бус. Гэвч сургалт судалгааг нь оновчтой болгохгүй бол хэл мөхдөг жамаар мөхөж болно. Хүн амыг эрлийзжүүлээд, газар нутгийг нь гадаадынханд түрээслээд, үсэг бичгийг нь соливол маш түргэн устах болно.

-Бид хэл, соёлоо яагаад умартаад тоохгүй, хайрлахгүй байна вэ?

-Монголын бүх ард түмэн хэл соёлдоо дургүй биш. Цөөн хүмүүс гадаад хэл рүүгээ тэмүүлж хэл соёлын тухай ярихаа больсон байна. Монгол хэлээ мартахгүй хайрлахын тулд монгол бичгээ нийтийн хэрэглээ болгох хэрэгтэй.

-Дунд сургуулийн Монгол хэлний сурах бичиг шаардлага хангахгүй байна. Зөв бичих дүрэм ч алга. Ямар ч алдаагүй зөв бичиж чаддаг хүн ховор байна?
-Хамаагүй үгүйсгэж болохгүй. Сүүлийн зургаан жилд дунд сургуулийн Монгол хэлний хөтөлбөр боловсронгуй болсон. Утга, бүтэц, хувиргал, соёл гэсэн 4 айтай. Сурах бичгийг багаар зохиох дэвшил гарсан. Энэхүү сургалтанд баримтлах зөв бичиг, утга тайлбарлах, зөв дуудлагатай “Хүүхдийн толь бичиг” байх ёстой. Ийм толь Хятад, Орос, Өвөрмонгол, Японд байдаг.

Б.Ганчимэг
Эх сурвалж: “Ховдын мэдээ”
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш