logo
А.Бүрэнбаатар: “Алтан төл”-ийн бүртгэл ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ

А.Бүрэнбаатар: “Алтан төл”-ийн бүртгэл ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ

2023/01/04

Жил бүрийн хаврын урьтай зэрэгцэн Монгол орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа малчдад МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төл”-ийн эзэн шагнал олгодог. Энэ жил дээрх шагналд горилж буй малчдын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Агваандашийн Бүрэнбаатартай уулзаж, тодруулга авснаа уншигч танаа хүргэе.

-Малчдад олгодог хамгийн нэр хүнд бүхий шагналын нэг “Алтан төл”-ийн эзэнг тодруулах энэ жилийн бүртгэл эхэлсэн гэж сонслоо. Энэ талаар та уншигчдадаа мэдээлэл өгнө үү?

-МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төл”-ийн эзэн шагналыг 1978 оноос эхэлж малчдадаа олгож байна. Энэ жилийн шалгаруулалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж, ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар сарын 5 гэхэд нэрсээ бүрэн тодруулна. Өнгөрсөн зун зарим аймагт ногоо сайхан ургасан ч өвөлжилтийн байдал нийт нутгаар шахуу хүндэрлээ. Тиймээс малчдынхаа ахуй ажлыг бодолцож, мал төллөлт эхлэхээс өмнө шагналтнуудаа тодруулахыг зорьж байна.

-МҮОНР-ийн 88 жилийн ой өнгөрсөн жил болсонтой холбогдуулан “Алтан төл”-ийн шагналаа 88 эзэнд олгосон. Энэ жил уг тоо хэр өөрчлөгдөх бол ...

-90 малчин өрхөд олгоно. Малын тоо толгой, малчин өрхийн тоо өссөнтэй холбогдуулж өнгөрсөн жилийнхээс хоёроор илүү болгосон. Манай улс энэ жил 70 гаруй сая толгой мал тоолуулж, түүхэнд байгаагүй амжилт үзүүллээ. Үүнийгээ дагаад малын чанар нэмэгдсэн болов уу. Үүнийг дагаад энэ жилийн “Алтан төл”-ийн шалгаруулалт нэлээн өрсөлдөөнтэй болох байх. Гэхдээ бид бүсчилсэн байдлаар шалгаруулна.

-Тодруулбал ...

-Жишээ нь говийн бүс нутагт бод малын тоо толгой хангайн бүсийнхтэй харьцуулахад цөөн байдаг. Тиймээс бүс нутгийн онцлогийг харгалзаж, шалгаруулалтаа явуулна. Нэмж хэлэхэд, өмнө нь дээрх шагналаа зөвхөн гэрийн эзэнд олгодог байсан бол өнгөрсөн жилээс Жендерийн үндэсний хороотой хамтран эхнэрт нь ч гэсэн энгэрийн тэмдэг олгодог болсон. Малаа өсгөхийн тулд адилхан л хөдөлмөрлөж байгаа учир энэ нь зөв шийдвэр гэж үзэж байгаа.

-“Алтан төл” шагнал горилж буй малчдын материалын шалгаруулалтад нэмэлт өөрчлөлт орсон уу?

-Шалгуурыг ер нь нэлээн өндөрсгөнө. Урьдын адил сүүлийн гурван жилийн үзүүлэлтийг харгалзах ч гэлээ мал сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулж, сүргийн бүтэцээ хэрхэн сайжруулсан байна вэ, сум орон нутагтаа хэрхэн хандив олгож вэ, хэдэн өрх айлыг малжуулсан байна вэ гэх зэргийг нягтална. Биет бус өв гэдэг шиг залуу малчинг бэлтгэсэн, малжуулсан байдал нь хамгийн их нөлөөлнө. Түүнчлэн малынхаа вакциныг цаг тухайд нь хийлгэж үү, малчин иргэн өөрөө эрүүл мэндийн болон нийгмийн даатгалдаа хэрхэн хамрагдсан байна вэ гэдгийг нь ч харна.

-Зарим аймаг “Алтан төл” шагнал олгосон байгаа харагдсан. Тэгэхээр зарим малчин “Аймгийн хүрээнд ч олгодог болсон юм байна” гэж ойлгоод байх шиг. Үүнд та залруулга хэлэх үү?

-МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төл”-ийн эзэнд олгодог шагнал улсын хэмжээнд нэг л байгаа. Улс, аймгийн аварга малчин болох өрхөд томоохон хөшүүрэг болдог шагнал. Таны хэлсэн шиг зарим аймаг малчдадаа дээрх шагналын нэрийг ашиглаж олгож байсан нь үнэн. Гэхдээ бид эрх бүхий хүмүүстэй нь холбогдож таслан зогсоосон. Дахин хэлэхэд МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төл”-ийн эзэнд хүрдэг шагнал нэг л бий.        

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш