logo
“СМТ Штуттгарт” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс “түнш орон”-оор оролцож байна

“СМТ Штуттгарт” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс “түнш орон”-оор оролцож байна

2023/01/16
ХБНГУ-ын Баден-Вюрттемберг муж улсын нийслэл Штуттгарт хотод 2023 оны 01 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “CMT Штуттгарт” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Б.Мандахбилэг, Сайдын зөвлөх О.Одбаяр болон монгол орны түүх соёл, язгуур урлаг, эрийн гурван наадмыг сурталчлах уран бүтээлчид, тамирчдын төлөөлөл оролцож байна.
 
Тус үзэсгэлэнд 90 гаруй орон оролцож байгаа бөгөөд зөвхөн Монгол Улс “түнш орон”-оор оролцож байна. Уг олон улсын үзэсгэлэнгийн зорилго нь аялал жуулчлалын салбарын хэрэглэгчдэд шууд хандсан бөгөөд улс орон, бүс нутгаар нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулж, газар дээр нь шууд гэрээ байгуулах, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байдгаараа онцлог юм.
 
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “СМТ Штуттгарт” ОУ-ын үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ МУ-ын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлснийг олон улсад зарлав. Мөн 2021 оны 10 дугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буйг мэдэгдлээ.
 
Үзэсгэлэнг 300 мянган хүн үзэхээр захиалга өгсөн бөгөөд Герман болон Европын орнуудын иргэд аялах орны сонголт, аяллын маршрутаа эндээс хийдэг байна.
Олон Улсын “СМТ Штуттгарт” үзэсгэлэнгээр Монгол орныг гадаадад сурталчлах ажил ийнхүү эхэллээ.
Эх сурвалж: БОАЖЯ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш