logo
Д.Гантулга: Хөвсгөл нуурт 12-16 метрийн гүнд 35 цагийн шумбалт хийж, түүхийг бүтээлцсэндээ баяртай байдаг

Д.Гантулга: Хөвсгөл нуурт 12-16 метрийн гүнд 35 цагийн шумбалт хийж, түүхийг бүтээлцсэндээ баяртай байдаг

2023/02/17

Оролцож байгаа аврах ажиллагаа бүртээ сэтгэлээ шингээж, өөрийгөө бүрэн дайчилж чаддаг чадварлаг хэрнээ даруухан түүнтэй ярилцах завшаан энэ удаад тохиолоо.

Нутаг, орныхоо онцлогийг дагаад жилийн дөрвөн улирлыг үл харгалзан гол, усны томоохон дуудлагаар үүрэг гүйцэтгэн,  үеийнхнээ үлгэрлэн манлайлж, дүү нартаа багшла, аврагчийн эрдмийг өвлүүлж байгаа түүнийг ахлах ахлагч Батхуягийн Гантулга гэдэг. Тэрбээр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын усчин аврагчаар ажиллаж байна.

-Бүх зүйл цаг хугацаатай гэдэг. Тантай ярилцах юмсан гэсэн бодол тээгээд зургаан жил өнгөрсөн байна. Энэ өдөр ажил, амьдралын тухай хүүрнэх болсондоо талархалтай байна?

-Баярлалаа. Юуны өмнө “Онцгой мэдээ” сониноороо дамжуулан эх орныхоо өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж байгаа мөрдэс нэгтнүүдийнхээ амрыг эрье.  Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн. Эцэг эхээс дөрвүүлээ. Айлын хоёрдахь хүү. Баянзүрх сумандаа өсөж, арван жилийн сургуулиа  төгссөн. 2011-2012 онд Увс аймгийн Хилийн цэргийн 0311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. Ингээд 2013 онд зарлагдсан ажлын байрны дагуу шалгалтад өгөөд тэнцэж,  ХИС-ийн /тухайн үеийн Хууль сахиулахын их сургууль/ Ахлагчийн курст суралцаад аймгийн Онцгой байдлын хэлтэст аврагч-гал сөнөөгчөөр томилогдсноор энэ сайхан албандаа үүрэг гүйцэтгэж эхэлсэн.  Гэхдээ Эрэн хайх, аврах салбарынхаа усчин-аврагчдаа хараад усанд шумбаж, усны гүнд ажиллахсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөх болсноор жил гаруй ажиллаад аврагч-усчин болох хүсэлт гаргаж, 2004 оноос хойш  өнөөг  хүртэл мөрөөдлийнхөө ажлыг хийж байна.

-Мэргэжил эзэмшлээ гээд шууд чадварлаг болдоггүй шүү дээ. Өөрийн гар бие, сэтгэл зүрхээ зориулах, удирдлага, хамт олны өгсөн заавар, зөвлөгөө, алдсан алдаа бүхэн мэргэшихэд нөлөөлдөг гэж ойлгодог. Таны хувьд би аврагч болжээ гэсэн мэдрэмжийг хэзээ авч байв?  

-“Сүхбаатар” ажиллагааны үеэр таны зүгээр суух дургүй, ажилч, хичээнгүй, болохгүй байсан ч болгохын төлөө мэрийдэг зан чанарыг тань хараад бахархаж л байлаа?

-Бүх л дуудлага аврагч хүнээс тэсвэр хатуужил шаарддаг. Тэр бүхэнд шантраад хойш суугаад байх дургүй. Би өөрөө бусдадаа зөв үлгэрлэх манлайлагч байх ёстой гэсэн зарчмыг үргэлж баримталдаг. Чи чадахгүй бол хэн чадах билээ гээд л зүтгэдэг дээ. Мөн хаана тэмцээн, уралдаан байна тэнд л явж байхыг эрмэлздэг.  Аймаг, орон нутагт зохион байгуулагдаж байгаа тэмцээн, уралдаанд албаа төлөөлж оролцдог. Хөвсгөл цэргийн хүрээний “Марш тактик тусгай бэлтгэл”-ийн аварга тасаг  шалгаруулах тэмцээнд 2013, 2014, 2015, 2016 онуудад алт, мөнгөн медаль, “Хөвсгөл марафон 2019” тэмцээнд 26-31 насны ангилалд оролцож тэргүүн байрыг эзэлсэн.  

-Та бүхнийг усан дээр, усны гүнд гээд өөр, өөр мэдрэмжийг мэдэрдэг азтай хүмүүс ч гэж тодорхойлох нь бий. Ажлын онцлог юм даа?

-Нэг талаараа усны мандалд, гүнд ажиллах үнэхээр сонирхолтой. Нөгөө талдаа эрсдэл өндөртэй. Өдөр, шөнө, өвөл, зуныг үл ялган үүрэг гүйцэтгэх л ёстой шүү дээ. Дэлхийд цэнгэгээрээ хоёрт ордог, гүн цэнхэр “Хөвсгөл” нуурт шумбалт хийдэг аврагч гэдгээрээ бахархах дуртай.   

 -Энэ магадгүй таныг илэрхийлэх нэгэн ертөнц ч байж болох юм…?

-Онцгой гэх тодотгол миний ертөнц. Өргөн уудам газар нутагтай, амар амгалан Монгол орондоо эзэн нь болж төрсөндөө мөн эх орноо нэр төртэй хамгаалах үйлсэд оролцож яваадаа үргэлж бахархаж явдаг.  Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа илүү их ойлгосон доо. Тэсвэр хатуужил, ачаалал даах чадварт суралцаж, үр хүүхдүүддээ үлгэр жишээ хүндлэгдэж явахын төлөө хичээж л явна даа.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхдаа  гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоож, эх орныхоо болоод албаныхаа нэрийг өндөрт гаргаад ирсэн. Тухайн үед “Аврагч танд баярлалаа” гэдэг нийтлэлүүд ч сонин хэвлэлээр гарч, олон залууст энхийг дэмжих ажиллагаанд оролцох боломжийг нээсэн гэж хардаг?

-2017-2018 онд НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Мотобуудлагын VII ээлжийн баталионд үүрэг гүйцэтгэсэн. Иргэний дайнтай улс учир үе, үе зөрчил их гардаг. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Бентью хот дахь Дотоодын дүрвэгсдийн хуаранг хамгаалах харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхад  хариуцаж байсан хэсгээр зэвсэгт халдлага болсон. Тус  халдлагыг төв рүү яаралтай мэдэгдэж, үүссэн үймээн самууныг даруй зогсоох арга хэмжээг  оновчтой авч ажилласан. 2018 онд НҮБ-ын мандатад заагдсан албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн гэж НҮБ-ын медалиар шагнагдсан.

-Богино хугацаанд шийдвэр гаргаж, хариу үйлдэл үзүүлж чаддаг аврагч хүний онцлог хаана ч тодрох юм даа..?

-Сахилга, ёс зүйн зохион байгуулалттай, байнгын бэлтгэл, бэлэн байдалд ажилладаг онцлогтой алба. Зарим найзууд маань ажлыг маань ойлгохгүй. Байнгын л ажилтай гэх мэтээр муу нэр зүүх тохиолдол зөндөө л байдаг. Надад ч ганцхан биш байх. Энэ албанд үүрэг гүйцэтгэж байгаа хүн бүрт л тулгардаг асуудал гэж боддог. Гэхдээ хүн, ардынхаа аюулгүй байдлыг хангах үүрэг маань миний ажлыг илүү ихээр бусдад ойлгуулах үндэс болдог. Тийм ч учраас энэ албандаа ажиллах дуртай. 

 -Ажлыг нь дэмждэг, ойлгодог гэр бүлтэй байхад юунд ч шантрах зориг байдаггүй юм шиг санагддаг?   

-Миний арыг дааж, гэр бүлийн бүх л асуудлыг зохицуулан цаг наргүй ажлыг минь ойлгодог гэр бүлийнхэндээ маш их хайртай.  Миний ханийг Бямбацогтын Билэгжаргал гэдэг. Мөрөн сумын ерөнхий боловсролын “Авьяас” сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Ханьтайгаа 2014 онд гэр болж, хүү, охинтой болсон.  Хүү маань гуравдугаар ангид, охин маань нэгдүгээр ангид суралцаж байна.

-Өөрийгөө олоход, танихад тань хамгийн их нөлөөлдөг зүйл юу вэ?

Ажил албандаа үүрэг гүйцэтгэхэд байнга заавар зөвлөгөө өгч хамт ажилладаг аврагч ах нар болон мөр зэрэгцэн ажилладаг хамт олоноосоо үлгэр дуурайлал авдаг. Хүн болгонд сайн зан чанар байдаг түүнээс суралцахыг их хичээдэг.  Мөн дүү нартаа мэддэг, чаддаг бүх зүйлээрээ туслахыг хичээж явдаг.

-Ингэхэд залуу үеэ хэрхэн бэлтгэж байна?

-Өөрийн мэдэж олж авсан туршлага, мэргэжлийн онцлогоо таниулан зааж сургаж ажиллаж байна. Тухайлбал, Завхан аймгийн Онцгой байдлын газраас “Улаагчны хар нуур”-т зохион байгуулсан уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуульд зааварлагч багшаар ажиллаж, 21 албан хаагчийг гүний шумбалтын  анхан шатны мэдлэгтэй болгосон. Мөн ОХУ-тай хамтарсан дадлага сургуулийн үеэр Архангай, Орхон, Дархан, Сэлэнгэ болон Хөвсгөл аймагт шинээр томилогдсон алба хаагчдад  гүний шумбалтын тактик, усан доор аюулгүй байдлаа хангаж аврах ажиллагааг зохион байгуулах зааварчилгааг 15-20 метрийн гүнд зааж, сургасан.

Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сэтгэлийн зүтгэлтэй хүнийг амьдрал үргэлж шагнадаг гэдэг. Сайхан яриа өрнүүлэх боломж олгосонд баярлалаа?

Хүн бүрт хүрэх оргил гэж байдаг шүү дээ. Түүндээ хүрэхийн тулд өдөр бүр бага багаар урагш алхах хэрэгтэй гэж бодож, хичээж явна даа. Мөр зэрэгцэн ажилладаг Онцгойчуудаа бусдын төлөө зүтгэж, зүрх сэтгэлээ зориулж байгаа баатарлаг үйлстэнгүүд гэж боддог. Онцгой албанд үүрэг гүйцэтгэснээр цэргийн хүн болох мөрөөдөл биелж, амьдралд маань олон эерэг өөрчлөлтүүд бий болсон. Онцгой байдлын газрын удирдлага, хамт олондоо дахин, дахин талархал илэрхийлье.     

             Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш