logo
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2023/05/02

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэл, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаан, Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хорооны 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 102 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-т Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө) нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасан гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн тухай гэрээ тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай юм.

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй байх бөгөөд тус зүйлд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан аж.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр Азийн хөгжлийн банктай хамтран Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлага бүхий төслүүдийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлүүдээр хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Эдгээр төслүүдэд Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийн үед тулгамдаж буй асуудлууд болох эмзэг бүлгүүдийн орлого буурсан, боловсролын хүртээмж зэрэг нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой төсөл болон бодлогын зээлүүд, мөн Монгол Улсын хөгжлийн зорилтууд болон “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зорилтуудын хүрээнд хэрэгжих төслүүд Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-т багтсан ба үүнд хилийн үйлчилгээг сайжруулах, хилийн нэгдсэн системийг бий болгох, Монгол Улс эрчим хүчний хувьд бие даасан болон эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэх болон бүс нутгийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш