logo
Олон улсын сэтгэлийн боловсролын төвтэй хамтран ажиллахыг дэмжинэ

Олон улсын сэтгэлийн боловсролын төвтэй хамтран ажиллахыг дэмжинэ

2023/05/05

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын Соёлын хөгжлийн төвийн захирал, Олон улсын сэтгэлийн боловсролын төвийн Сөүл хот дахь салбарын захирал И Хон Муг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон улсын сэтгэлийн боловсролын төвөөс нийслэлийн оюутан залууст зориулан “Korea Сulture Festival” арга хэмжээг зохион байгуулж буйд нь Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө талархал илэрхийлсэн юм.

Тэрбээр "Аливаа улс үндэстний хувьд хүүхэд залууст эрдэм мэдлэг, боловсрол эзэмшүүлэхээс гадна, сэтгэл зүйн хувьд мэдлэг олгох нь эрүүл нийгмийг бүтээхэд ач холбогдолтой юм. Иймд та бүхний санаачлан хэрэгжүүлж буй сургалт, арга хэмжээ үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Та бүхний хийж буй ажилд талархал илэрхийлье. Цаашид энэ чиглэлд, мөн соёл, боловсролын салбарт хамтран ажиллахдаа Улаанбаатар хотын удирдлага үргэлж нээлттэй байх болно" хэмээлээ.

Олон улсын сэтгэлийн боловсролын төвийн Сөүл хот дахь салбарын захирал И Хон Муг “Хувь хүн, албан байгууллага, цаашлаад улс эх орны хөгжилд сэтгэлийн боловсрол асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд, залуусын өмнө олон боломжийг нээх энэ боловсролыг түгээж буйдаа баяртай байдаг. Энэ зорилгоор Улаанбаатарт ирж, сургалт арга хэмжээ зохион байгуулж байна. Цаашид ч нийслэлийн удирдлагатай энэ чиглэлд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш