logo
Фрийдланд азтай алдартай эр, Миклаш азтай ч алдаргүй эр

Фрийдланд азтай алдартай эр, Миклаш азтай ч алдаргүй эр

2012/01/09

Саяхан болсон явдал болохоор нь ч тэр үү, ер нь өөрөө ч тэгж рекламдсан юм уу мэдэхгүй Оюу толгойн ордыг нээсэн домгийг монголчууд мэднэ. Олж өрөмдөж чадахгүй будилж, будилж за нэг эцсийн удаа хатгачихаад харья даа гээд газар луу нэг хатгаад л баялагтай гэдгийг нь эцсийн момээнтэд мэдсэн гэдэг. Хэрэв тэгээгүй бол юун Оюу толгой, эх орны хишиг энээ тэрээ. Фрийдланд азтай мөн алдартай.
Тэгвэл түүнтэй төстэй хувь тохиолоор бидэндээ “ирсэн” Эрдэнэтийн овооны орд газрын баялгийг хэрхэн нээсэн тухай Чех болон Словакын хэвлэлд болон интернетэд тавьсан ярилцлагыг  доор орчуулан хүргэе. Чехословакууд нээсэн л гэдэг, яагаад ч тэгээд орхиод явчихдаг сонин (эсвэл сонирхолгүй) хүмүүс байсан юм, бүү мэд гэж боддог  байлаа.
Дашрамд нь:
Эрдэнэтийн овоо өнгөтэй байна аа, энэ зууны царай байна аа … хэмээн дуулалдсан ах эгч нар зурагт, сонингоор нэг гардаг байсан 70-аад оныг санаж байна уу? Дэлхийн 10 том уурхайд орох Эрдэнэт уурхай ашиглалтанд орж, түүнээсээ ч дутахгүй том бүтээн байгуулалт тэрхүү онгон нутагт цогцолж, өнөөг хүртэл биднийгээ тэжээсээр. 

Бид хэрхэн монгол дахь эрдэнэсээс хагацсан бэ?
Хамтарсан экспедиц 45 жилийн өмнө Монголын умард хэсэгт зэс-молибдений орд байгааг илрүүлжээ. Эхэндээ Азидаа хамгийн том орд гэж байсан боловч удалгүй дэлхийн 10 том ордын нэг гэгдэх болсон юм. Эндээс 90 мянган оршин суугчтай Эрдэнэт хэмээх монголдоо 2-т орох том хот босчээ. Холгүйхэн баяжуулах үйлдвэртэй. Сүүлийн үеийн мэдээгээр хүдрээс жилдээ 530 мянган тон зэс, 3 мянган тон молибдэны баяжмал олборлодог. Өнгөрсөн жил энэхүү монгол-оросын хамтарсан үйлдвэр 76 сая долларын цэвэр ашигтай ажилласан. Ихэнхи олборлолтоо экспортолдөг бөгөөд монголын төсвийн тал шахуу хувийг бүрдүүлдэг. Хамгийн сүүлийн судалгаагаар хотын ойролцоох хүдрийг 30-40 жил ил уурхайгаар, дараагийн 40 жилд гүний уурхайгаар олборлох хэмжээний хүдэр бий гэжээ. Ийм үзүүлэлт хараад Чехословак улс яагаад энэ ордыг зүй ёсоор хамгийн түрүүнд ашиглахад оролцох эрхээ эдлээгүй юм бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө. Өнөөг хүртэл Чех, Словак хоёр улс эндээс ашиг хүртээд явж байх байлаа. “Миний сонссоноор Чехословакын талд  дааж давж биелүүлэхийн аргагүй нөхцөл тулган олборлолт, боловсруулалтад оролцохоос шахан гаргасан гэдэг юм билээ ” хэмээн экспедицэд оролцож явсан Владимир Миклаш дурссан юм. ” Хөрөнгө оруулалтын 20%-ийг бидэнд ноогдуулсан нь тухайн үедээ манай улсын хүчин чадлаас хол давсан асар том тоо байсан юм шүү дээ. Наанаа бол монголын засгийн газар ийм шаардлага тавьж байгаа юм шиг боловч үнэндээ зөвлөлтийн зөвлөхүүдийн найруулсан дэг байсан юм ”.  Оросын болон Монголын архиваас илүү ихийг мэдэж болох л доо. Праг дахь Төлөвлөгөөний комиссын архиваас ч бас. Тэр үед улс төрчид, дипломатууд, аж ахуйнхны дунд янз бүрийн л юм яригддаг байсан. Үгэнд ордоггүй холбоотноо Кремлийнхэн “Прагийн хавар “-ынх нь төлөө шийтгэсэн ч гэдэг. Ядаж талхаа хуваах үе нь хямрал эцсийн шатандаа орж, манайд төвшитгөл (normalizace- орч.) болж байх үед таарч. Москва бидэнд оронд нь Уралын нуруунд ашиг багатай зэсийн орд санал болгож байсан ч гэдэг. ” Та нарт илүү ойрхон болохоор тээвэрлэлтийн зардал ч багатай ” гэсэн юм билээ. Ямар ч байсан “Өнө мөнхийн найрамдал ” нь баяр ёслол дээр л хэлдэг тангараг байсан юм. Улс хоорондын эдийн засгийн сонирхол, ялангуяа их гүрний сонирхол хаана байна тэнд хүйтэн тооцоо ноёрхож байлаа.  Монгол дахь ордыг нээхэд Чех, Словакын геологчид болон алмаазан хошуу ч чухал үүрэгтэй байсан нь эргэлзээгүй үнэн юм. Монголын тал үүнийг хүлээн зөвшөөрдөг бол Оросууд тэгсгээд л нэг хүлээн зөвшөөрдөг. 1962 онд Геологийн Төв Институтын хэсэг ажилтнууд найдвартай гэсэн газруудаа сонгож, урьдчилсан судалгаа хийхээр Улаанбаатар луу мордож, жилийн дараа хоёр улсын хооронд геологийн салбарт хамтран ажиллах гэрээ үзэглэгджээ. ” 1966 онд Москва-Бээжингийн хурдан галт тэргээр монголын талыг зорьж байж билээ ” хэмээн Миклаш гуай яриагаа эхлэв. “Эрдэнэтийн овоо буюу орчуулбал эрдэнэсийн овоо хэмээх ууланд экспедицийнхэнтэйгээ нийлэхээр тохирсон байсан юм. Тэд Моймир Краутерын удирдлага дор бараг жил орчим ажиллаад байсан юм . Ахлах геологч нь чех хүн, Эманүел Коминэк гэж. Мөн эхнээсээ тэнд хэдэн словакууд байсан. Станислав Полак, Бохуш Томашек, Рудолф Габчо г м”. Бусдыгаа газраа судалж байхад өрөмдлөгийн технологч Миклаш ирж байж. Тэрээр ачаандаа нэгэн үнэт зүйл авчирсан нь түүний өөрийнх бүтээсэн 6 ширхэг алмаазан хошуу байв. Институтээс түүнийг энэ хошуугаа “жинхэнэ халуун ” газар нь очиж туршаад ир гэж явуулжээ. Эрдэнэтийн овоог хараад төрсөн анхны сэтгэгдэл мартагдашгүй.  Тэрээр  ” Тэр үед уул маань далайн түвшнээс дээш 1500 метр өндөртэй. Одоо бол өөр л дөө, том цооног л үлдэж. Уулын орой руу мацаж байхдаа хагас эрдэнийн оюу чулуу түүгээд л явна. Тэр өндөрт төмсний улаан цэцэг ургах нь гайхамшигтай гэж. Словакт ийм өндөрт бол нарснаас өөр юм ургахгүй” хэмээн хуучилсан юм. Миклашыг ирэхээс өмнө тэд үр дүн маш муутай нүдэж тээрэмдэх аргаар өрөмдлөг хийдэг байсан болохоор орд газрын хүдрийг олборлох, ашиглах хэмжээнд ашиг нь харагддаггүй байлаа. Түүний авчирсан өрмөөр өрөмдөж авсан материалын судалгааны үр дүн өмнөхөөсөө тэс өөрөөр гарч эхэлжээ. Урьдчилсан судалгаагаар л хүдрийн нөөц ашигтай гарч тэрбүм тоныг давсан байна. Энэ нь олборлолт явуулахад ашиг өгнө гэсэн үг. Авсан дээж дэх зэс 1,17 %, молибден 0,05% байв.  Дээжийг лаборатор луу явуулсан бөгөөд зөвлөлтийн мэргэжилтнүүд эцсийн хариу хэлэх ёстой байлаа. Экспедицийн ахлагчийн үүрэгдсэнээр Миклаш Монголын Геологийн Яамны нарийн бичгийн даргад мэдээ бичиж дараа жилийн өрөмдлөг судалгааны ажлаа танилцуулжээ.  Гэтэл тийм сонирхол тэдэнд байсангүй. Цаашдын өрөмдлөгүүдийг монголчууд, оросууд гүйцээсэн юм. Тэдний цаашид хийсэн өрөмдлөгүүд нь энгийн, амархан ажил байсан бөгөөд дээр нь яаж өрөмдөх мэргэжлийн зөвлөгөө тэдэнд өгч үлдээсэн байсан аж. Ингээд Миклаш нутаг буцсан боловч бүх юм тэгээд дууссангүй, алмааз хошуунууд болон мэргэжлийн номнуудыг нь монголын хил гаалийнхан хураан авсан байсныг очсон хойноо л мэдэв. Хориотой зүйл тул хил гаргаж болохгүй гэсэн байна. Миклаш  “Бүр дээгүүр хэмжээнд хэд дахин хөөцөлдсөний эцэст манай институт буцааж авсан юм. Гэнэн залуу байж дээ. Алмаазыг дотуур хувцас авч яваа юм шиг санаж тээшиндээ хийж л байдаг ” хэмээн яриад инээв. 1978 онд үйлдвэрийн нэг хэсгийн нээлтэнд Зөвлөлтийн засгийн газрын тэргүүн Алексей Косыгин оролцож , мөн Чехословакын Геологийн төвийн дарга Иосеф Правда тэргүүтэй төлөөлөгчдийг урьсан байна. Тэднийг Улаанбаатарт газардсаны дараа цаг агаарын байдлаас Эрдэнэт рүү нисэх боломжгүй гэсэн аж.  Хэн ч итгэсэнгүй. Монголыг хөх тэнгэрийн орон гэдэг биш билүү. Жилийн 365 өдрийн бараг 365 өдөр нь нартай байдаг газар шүү дээ.  Хожим нь 1988 онд чехословак-монголын геологт хамтран ажиллах гэрээний 25 жилийн ойгоор л доктор Габчо Эрдэнэтэд очжээ. 
-Владимир Янчура, 2010.12.11 

Хоёр дахь гунигт хүн
Нэгдүгээрхи нь “Эрдэнэтийн эрдэнэс” нийтлэлд бичсэнээр бол түүнийг бичигч, миний хуучны анд, Монгол дахь анхны Чехославакын геологийн экспедицийн ахлагч, инженер Моймир Краутер юм.
Хоёр дахь нь миний бие, Братислава хотын уугуул Владимир Миклаш,  Эрдэнэтийн овооны (тэр үед зүгээр л Овоо гэдэг байв) зэс-мөлибдений орд газрын хувь заяа шийдвэрлэгдэх 1966 оны геологийн шинжилгээний багт ажиллаж байлаа.
Яагаад гунигтай гээд байна гэж үү?  Гуниг ч бас биш юм. Сайн гүйцэтгэсэн ажлынхаа араас ганихрана гэж юу байхав. Бухимдал юм даа. Чехословакын эдийн засгийн сонирхлыг балласан дээшээ хашгираад ч тэнгэр хол  гэмээр шударга бус явдал, бүр хамтран үйлдсэн шударга бус явдал болсон юм. Монгол, Чехословакын архивыыг нээж (ялангуяа геологийн архивыг, тэр тусмаа БНСЧСУ-ын Улсын төлөвлөгөөний комиссын шүү. Оросууд оролцсон гэхэд эргэлзэж байна) Чехословакын тал хэрхэн энэхүү дэлхийн хэмжээний том уурхайг ашиглахад оролцохоос шахагдсан тухай үнэнийг өгүүлэх  цаг нь болсон гэж бодож байна. Оролцох хэлбэр нь янз янз байж болох байсан. Ямар ч байсан юу ч үгүй үлдэх нь л байж болшгүй асуудал байсан юм. Ямар ч байсан хоёр улсын гэрээ хэлцэлд тийм юм байгаагүй гэж бодож байна.
Чехословакын талаас энэхүү дэлхийн хэмжээний Эрдэнэтийн зэс-мөлибдений ордод оруулсан гавъяаг Оросын талаас одоо хүртэл үгүйсгээд байгаа нь өнгөрсөн үйл явдлаа хүлээн зөвшөөрч чадахгүйд л байгаа юм. Чехийн юм уу Словакын иргэн өнөөг хүртэл Эрдэнэт үйлдвэр дээр “нон грата хүн ” байгаа нь үүний баталгаа юм.
Эрхэм Моймирын ганихраад байгаа нь зүгээр л Эрдэнэтийн ГОК-д орос мэргэжилтнүүд байгаатай холбоотой огт учир шалтгаангүй эд гэж үү? Оросууд  ойн баярт (30 жилийн) зориулсан 428 хуудас товхимолдоо чехословакын  геологийн оролцооны тухайд нэг хагас бүтэн нүүр л зориулсан байх юм. 2006 онд тэр өөрөө хангалттай их материал цуглуулж өгөөд байхад шүү дээ. Тэрээр “Энэхүү нийтлэлийг бичиж байхад их гунигтай, харамсалтай санагдаж билээ. Яагаад гэхээр 1964-1968 онд анхны пионер болсон Чехословак-Монголын хамтарсан геологийн экспедицийн нөр их хөдөлмөргүйгээр өнөөгийн Эрдэнэт байхгүй байх байсан тухай эх сурвалжийг эрхэм редакторууд үл ойшоон орхигдуулсан байх юм ” гэжээ. Тэр “эрхэм редакторууд ” гээд байгаа нь тэнд “ажиллаж байгаа ” (гэх нь зөв байх) Оросын мэргэжилтнүүд юм. Миний анд Моймир бас Зөвлөлтийн школоор явсан хүн тул одоогийн Оросын зөвлөхүүд нь тухайн үеийн зөвлөлтийн мэргэжилтнүүд шиг тусгай үүрэгтэйгээр давхар ажилладагийг мэдээж гадарлахтайгаа. Тэр нь өөрийн эх орныхоо улс төр, эдийн засгийн сонирхлыг хамгаалах, хөгжүүлэх үүрэг. Энэ үүргээ биелүүлэхэд ” үүрдийн найрамдалт нөхөд ” байхгүй бөгөөд тийм боломж ч үгүй. Эрдэнэт бол үүний нотолгоо юм.
Миний ярих зүйл ч бас ерөнхийдөө гэнэндүү “2009 онд би Монголын Геологийн Яаманд хандсан бөгөөд тэгэхдээ би тэдэнд хэрэг болно, 1966 онд Овоогийн өрөмдлөгийн геологийн дээжийг яаж авч байсан тухай мэргэжлийн хүний дурсамжаар тэднийг баярлуулна гэсэн бодолтой байлаа. Тэр нь геологийн дээжийг усаар угаах аргаар хийж эвдчихгүйн тулд чухам ямар ямар алхам хийх тухай өрөмдлөгийн технологчийн хувьд тэмдэглэж байсан өдрийн тэмдэглэлээсээ авсан, агаараар хүчтэй  үлээлгэх аргын тухай байсан юм. Өрөмдөлтийн  ажиллагааг хэмнэсэн алмаазан хошуутай, илүү том диаметртай хоёр толгойтой  … г.м.  эд л дээ. Урд жилүүдэд нь тохиромжтой  өрөмдлөгийн технологийг сонгоогүйгээс болоод сорьцын чанар муу, тийм болохоор орд ашиггүй болж гардаг байлаа. Захидлаа факттай, холбогдох зургуудыг хавсарган өгч билээ.
Оросоор “ни привета , ни ответа ” гэдэг  шиг.  Монголоос таг чиг, хариу ирсэнгүй.  Яагаад? Таах гээд үзье л дээ. Монголын яаман дээр одоо хүртэл Оросын зөвлөх тусгай үүрэгтэй “ажилладаг ” хэвээр байгаа байх. Дүгнэлт: Эрхэм Моймир оо, Монголын талаас Чехословакын иргэдийг үнэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж (метал, шагнал, магтаал) байсан нь сайхан, талархууштай (гэхдээ голдуу улс төрийн үнэлэмжээр гавъяаг нь үнэлж)  боловч одоогийн Чех ба Словак улсын энэхүү ордыг ашиглахад оролцож болох байсан удаан хугацааны аж ахуй, эдийн засгийн алдагдлыг нөхөхийн аргагүй. Хувийн атаархах, буруутгах сэтгэлээр ярьж байгаа юм биш шүү. Миний хувьд сайн хийж гүйцэтгэсэн ажлынхаа дараа төрдөг сэтгэгдлийн тухай яриад байна л даа. Эргээд бодоход энэхүү дэлхийн хэмжээний том ордын ашигтай гэдгийг батлахад миний хувийн оролцоо ямар чухал үүрэгтэй байсныг ядаж үгээр дурсах нь бүү хэл бүр манайхан ч өөрсдөө үнэлээгүй гэхээр харамсалтай санагддаг юм. “Цэвэр геологчдын ” нүдэнд бол би геолог энэ тэр мэдэхгүй зүгээр л “өрөмдөгч ” гэх байх л даа. Би чинь Геологи Судлалын Дээд Сургууль дүүргэсэн юм шүү дээ.  Тэр сургууль бидэнд Голланд бяслаг руу биш, эх болсон газрын хэвлий рүү “нүх ” өрөмдөхийг заасан юм. Миний багш професор Воздвиженский ” Шинжилгээний өрөмдлөг чинь зүгээр нэг мэргэжил биш, урлаг юм шүү, оюутнууд аа ” гэдэг байж билээ. Үнэн л юм билээ.
Энэ ажлын хүрээнд 2008 онд хуучин Чехословакын Геологийн төвийг даргалж байсан Й.Правдаг Монгол улсаас шагнасныг би монголын талаас түүхийн алдааг ойлгоогүй, хоёр нүүр гаргасан л гэж харж байна. Цаг хугацааны дараа Олон улсын эрхзүйн хүрээнд яадгийг мэдэхгүй юм. Эрхэм Правда ч монголын энэхүү хуурамч авир гаргасныг ойлгоогүй байх.
” Металаар ” улсын санг дүүргэхгүй шүү дээ.  Гэхдээ алдааг засаж болох юм шиг санагддаг. Жишээ нь Хэрэв Монгол улс экспортын өндөр ашигтайгаар бидний? зэс-мөлибдены баяжмалыг манай хоёр улс руу экспортлох санал тавибал?
Идеалист чигээрээ л дуусах юм байна даа би.     -Владимир Миклаш, Братислава

 

 Инженер Владо Миклашын нийтлэлд редакцийн зүгээс оруулсан нэмэлт
Доктор Э. Коминэкийн удирдлага дор Чехословакын геологчид С2 болон В ангилалын нөөцийн тооцоог гарган 4 сая тон зэсийн нөөцтэй гэж тогтоон мэдээ боловруулжээ. Зэс-молибдены нөөцийг тооцоолох машинаар хийсэн аж. Ингээд 1969 онд хоёр улсын холбогдох засгийн газрын комиссоос нийт нөөцийн хэмжээг зөвлөлдөн баталжээ. Нөөцийг тогтоох тооцоо маш сайн хийгдсэн нь дараагийн жилүүдэд 70-аад онд  зөвлөлт- монголын экспедицийнхний хэд дахин нягтлан хийсэн тооцооноос хэдхэн хувь зөрж байснаас л харагдана.
Чехословакын Сангийн Яам Геологийн Төв Институтээсээ  1969 оны сүүл гэхэд  Чехословак- Монголын 1-р экспедицийн ажлын үр дүн болон үүнтэй холбоотой Чехословакын зээлийн асуудлыг  хэрэгжүүлэх тухай мэдээ бэлдэж өгөхийг үүрэг болгосон байна. Би энэ үүргийг гүйцэтгэхэд томилогдсон юм. Оны эцсээр энэ асуудлыг хэлэлцэхэд манай улс төр, эдийн засгийн байдал нэн ээдрээтэй, ойлгомжгүй болсон тул уг асуудлыг түр хойшлуулахыг засгийн газраас хүссэн боловч барсангүй. Миний эргэлзээд байсан зүйлс эхний удаагийн асуудал хэлцэхэд л цухалзаж эхэлсэн юм. Яагаад гэвэл Улсын Төлөвлөгөөний Комисс болон Сангийн Яамны байр суурь нь Монголын засгийн газарт Чехословакын тал нь Эрдэнэтийн овооны орд газарт алив нэг сонирхол байхгүй, түүнийг ашиглах нь манай эдийн засгийн хүчин чадлаас давсан,  тийм болохоор монголын талыг зээлээ нийтийн хэрэглээний бараагаар төлж барагдуулах тухай мэдэгдэл хийх байсан юм. Энэ байр суурь нь засгийн газрыг тогтоол гаргахад чухал нөлөөтэй байсан бөгөөд бидний эсэргүүцлийг ердөө авч үзээгүй юм. Болох ёсгүй юм боллоо! Чехословакын засгийн газар Праг дахь Монголын элчин сайд Доржид дараахь утгатай мэдэгдэл явуулсан юм:
-Чехословакын тал Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглах эрхээс татгалзаж байна
-Монголын засгийн газрын орд газрыг хэрхэн ашиглахаа өөрсдөө шийдэж болно
-Геологийн судалгааны ажилд чехословакын зээлээр санхүүжигдэн зарцуулсан зардлыг монголын тал нийтийн хэрэглээний бараа нийлүүлэлтээр  төлж барагдуулах
Элчин сайд Дорж намайг хоёр ч удаа  хувиараа дуудан уулзаж Чехословакын засгийн газрын ойлгомжгүй шийдвэрийг тайлбарлаж өгөхийг хүсч байсан юм.
Монголын засгийн газар дараа нь ЭЗХТЗ-ийн орнуудаас орд газрыг хамтран ашиглах хүсэлт тавьж байлаа. Тэдгээр улсууд дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсны шалтгаан нь мэдээж Чехословак улс яагаад энэ эрхээсээ татгалзав гэдэг нь ойлгомжтой, аливаа хүндрэлтэй асуудал гарахаас болгоомжилсон байсанд оршино гэдгийг би мэргэжилтнүүдээс нь мэдэж авсан юм.
Эцэст нь хэлэхэд Хэнтийн нуруунд ажиллаж байсан Чехословак-Монголын 2-р геологийн экспедицийнхний бидэнд  Эрдэнэтийн овооны ордыг  ЗХУ-тай хамтран ашиглах гэж байна гэснээр бид ч энэ боломжийг  ашиглан уг ордыг ашиглахад манай улс оролцож болох талаар шийдвэр гаргуулахаар Гадаад Худалдааны Яамны сайд инженер Барчакт хандан тусламж эрсэн юм. Тэрээр аль хэдийн оройтсон. Манай дипломатуудыг унтаж байх хооронд орд газрыг хамтран ашиглах  Зөвлөлт-Монголын  улс хоорондын гэрээнд гарын үсэг зурахад хэдхэн хоног үлдээд байгаа боловч эцсийн боломж нь Ерөнхийлөгч Г.Хусакт хүсэлт гаргаж  Ерөнхий н/б-ийн дарга Л.И.Брежнев рүү утасдуулах л арга байна гэв. Гэвч хожимдсон байлаа. Тохиролцлыг өөрчлөх боломж байсангүй. Ийнхүү ЗХУ ба Монголын эрх баригчид хамтарсан үйлдвэр барих, ашиглах болон бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурцгаасан юм.

-Инженер Моймир Краутер

Манибазарын Чинбат

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш