logo
Бензин, шатахууны өсөлтийг шалгах ажлын хэсгийг байгууллаа

Бензин, шатахууны өсөлтийг шалгах ажлын хэсгийг байгууллаа

2012/01/10
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр бензин шатахууны үнийн өсөлтийн талаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайханаас тодруулга авлаа. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан өгсөн мэдээлэлдээ “Сүүлийн гурван сар дараалан нефтийн бүтээгдэхүүний үнэ огт өсөөгүй. Энэ нь Засгийн газраас онцгой албан татварын зохицуулалтыг тухай бүрт нь авч ирсэнтэй холбоотой. Харин энэ удаа үнийг өсгөсөн шалтгаанаа зарим импортлогч аж ахуйн нэгж ам.долларын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байгаагаа Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулсан. Тэдний тайлбарлаж байгаагаар хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 12 дугаар сард нефтийн бүтээгдэхүүнээ импортоор авах үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1345 байсан. Гэтэл өнгөрсөн баасан гарагт 1480 төгрөгт хүрсэн. Энэ үнийн зөрүүгээс болж шатахууны үнийг литр тутамд нь 230-260 төгрөгөөр нэмэх саналаа зарим аж ахуйн нэгж гаргасан. Улмаар дэд сайд Б.Ариунсаны ахалсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр тохиролцсоны дагуу үнэ нэмсэн байна. Харин “Петровис”, “Сод монгол” компани нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байсан ч өнөөдөр нэг литр тутмын үнийг 200 хүртэл төгрөгөөр буюу бусад аж ахуйн нэгжээс 30 төгрөгөөр хямд байхаар тооцон нэмсэн” гэлээ.  
    Монгол Улсын Ерөнхий сайд тодруулга авсны дараа 2009 оны нэгдүгээр сард ам.долларын ханш 1740 төгрөг хүрч байх үед нефтийн бүтээгдэхүүний үнэ 1900 төгрөг болж өсч байсан гэсэн тайлбарыг та бүхэн өгч байна.  Тухайн үеийн хилийн үнэ болон ам.долларын ханшийн өөрчлөлтүүдийн судалгаа та бүхэн гаргасан уу? Импортлогч аж ахуйн нэгжүүд яагаад өөр өөр өдөр, өөр өөр үнэ тогтоов? Энд ямар зарчим үйлчлээд байна гэдгийг Газрын тосны газрын даргаас асууж байлаа. 
    “Импортлогч аж ахуйн нэгжүүдийн өөрийн үйл ажиллагааны зардал болон өрсөлдөөнөөс болж үнэ харилцан адилгүй байгаа. Бид байдлыг судалж байгаа” гэж Газрын тосны газрын дарга хэлсэн байна.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Үнэ ханш дээр тоглож, улс төрийн ашиг хайсан дэндүү увайгүй явуулга гарч байна. Үнэ өссөн бодит шалтаг, шалтгааныг тогтоож, алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно” гэлээ. 
Энэ дагуу бензин шатахууны үнийн өсөлт, махны нөөцийн бүрдүүлэлтийн бодит байдлыг шалгах хоёр Ажлын хэсгийг байгууллаа.
Засгийн газрын Хэрэг  эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуунаар ахлуулсан Ажлын хэсэг махны үйлдвэрүүдээр, мөн хэлтсийн ахлах референт З.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.
Ажлын хэсгүүд дээрх гол нэрийн бараа, бүтээгдэхүүний бодит үнэ, нөөцийн одоогийн байдал, нийлүүлэлт зэргийг шалгаж тогтоох юм.
Ажлын хэсгүүд шалгалтын дүнгээ өнөөдөр Ерөнхий сайдад танилцуулах юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш