logo
1кг үхрийн мах 3500 төг, хонины мах 3000 төгрөг орчим байна гэж Нийслэлийн захирагч Г.Манхбаяр амлалаа

1кг үхрийн мах 3500 төг, хонины мах 3000 төгрөг орчим байна гэж Нийслэлийн захирагч Г.Манхбаяр амлалаа

2012/01/10
Энэ жилийн хувьд махны ханган нийлүүлэлт үндсэндээ боломжийн байхад түүнээс үл хамааран сүүлийн үед махны үнэ өссөн нь 1-рт, шатахууны үнэ 32,5 хувиар өссөн, 2-рт, валютын ханш 1237-1420 төгрөгт хүрч 15-16 хувиар нэмэгдсэнтэй хоблоотой гэж өчигдөр Төрийн ордны Г танхимд болсон хэвлэлийн бага хурал дээр ХХААХҮ-н сайд Т.Бадамжунай мэдэгдлээ.
Ард түмний хүсэн хүлээж буй амин чухал асуудал болох хүнсний бүтээгдэхүүний үнийн асуудлаар сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ тэрбээр дэлхий нийтээр эдийн засгийн хямралтай байгаа 2012 онд улс орныхоо хүнсний ханган нийлүүлэлтэнд урьд өмнөхөөсөө илүү анхаарч, хот хөдөөгийн холбогдох байгууллагууд, олон нийттэй хамтран ажиллаж байгаагаа мэдээлсэн юм. Түүний өгүүлснээр бол 2008 оны хямралын жилийнхтэй харьцуулахад манай хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бага зэрэг буюу 30 хувьтай байгаа гэнэ. Энэ жил нийт нутгаар өвөлжилт гайгүй, малын зүй бус хорогдол одоогоор 1500-гаар тоологдож, 15 сая орчим төл хүлээж авахаар төлөвлөж байгаагийн дээр тариа будааны үйлдвэрлэл өсөж, ургамлын тосоор өөрөө өөрийгөө хангах боломжтой болоод байгаан тэрбээр дурдсан.
Хүн амын өргөн хэрэглээний 22 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой, 2 нэр төрөл буюу төмс, манжингийн үнэ буурсан, 1 нэр төрөл буюу махны үнэ бага зэрэг өсөлттэй байгаа аж. Өнгөрсөн 12-р сарын 20-нд ХХААЯ болон хотын удирдлага Махны холбооныхонтой хамтран махны үнийн одоогийн ба цаашдын төлөвийг хэлэлцээд үнийн хэт хөөрөгдлийг барихын тулд 1-р сарын 15-наас 7-р сарын 15 хүртэл аж ахуйн 22 нэгжээр дамжуулан нийслэлийн 9 дүүргийн 310 орчим цэгт нөөцийн мах худалдахаар төлөвлөөд байгаа гэнэ. Зохих шаардлага хангасан дэлгүүрүүдээр борлуулах махны үнэ өнгөрсөн оны өдий үеийнхтэй яг адилхан, тухайлбал, 1кг үхрийн мах 3500 төг, хонины мах 3000 төгрөг, ямааны мах 2400 төг орчим байна гэж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Манхбаяр амлалаа.
Энэ жил орон даяар 16 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөөд байгаа бөгөөд хөдөө орон нутгаас Төв, Булган гэх мэт 3 аймгийн махны нийлүүлэлт харьцангуй муу байгаа бололтой. Махны ханган нийлүүлэлтийг сайжруулахын тулд 1-р сарын 15-наас эхлэн нийлүүлсэн 1 кг мах тутамд 500 төгрөгийн урамшуулал олгодог байснаа нэмэгдүүлж 650 төгрөг олгохоор болсон бөгөөд энэхүү 150 төгрөгийн зөрүү нь махны үнэд тээврийн зардал, валютын ханшийн үзүүлэх нөлөөг арилгах зорилготой аж.
Ер нь гадаадад гаргах махаа тодорхой хэмжээгээр хязгаарлаж, эн түрүүнд дотоодынхоо хангалтыг тогтвортой байлгахад анхаарч байгаагаа сайд тэмдэглэхийн сацуу нийт малын тоо, байгаа махны баланс хоёр зөрж байгаагаас гадна зам дээр осолдсон машинаас мах гарч ирсэн тохиолдол зэрэг тодорхой фактад үндэслэн махыг урагшаа гаргаж байгаа байж болзошгүй гэсэн хардлага төрж буйгаа ч нуусангүй.
Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа хэзээ эхлэх, малын махнаас дутахгүй үнэтэй байгаа тахиа шувууны махны үнийг хэрхэх талаар сэтгүүлчдийн асуултанд сайд хариулахдаа:
-Махны ченжийн асуудал харьцангуй багасч махыг нэлээд бодлоготойгоор нийлүүлдэг болж байгаа, 7-р сарын 1-нээс эхлэн Бараа, түүхий эдийн биржийн хуулиар энэ ажлыг зохицуулах бэлтгэл ажил хийж байгаагийн дээр энэ жил бас хоршоодыг дэмжихэд ихээхэн анхаарч байгааг тэмдэглээд зөвхөн малын мах төдийгүй тахиа, загасны махны үнэ ч өндөр байгааг зөвшөөрч, хүн амын загасны хэрэглээг нэмэгдүүлэх асуудалд анхааран 4,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий загасны хэрэглээг хангах хөтөлбөрийн хүрээнд загас үржүүлэх, дотоодынхоо загасны эрэлт хэрэгцээг өөрийн хүчээр хангахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш