logo
Муу дээрээ муу муухай дээрээ улцан засаг

Муу дээрээ муу муухай дээрээ улцан засаг

2012/01/10
Энэ сарын долооны оройноос эхлэн шатах тослох материалын үнэ 230-260 төгрөгөөр литер тутамдаа нэмэгдлээ. Монголд шатахууны үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг бичигдээгүй хуультай болсон. Тэгэх л ёстой юм шиг бүх юмны үнэ нэмэгдлээ. Монголчууд энэ байдалдаа хэтэрхий хүлцэнгүй ханддаг байсан бол энэ удаад хүмүүс Facebook, Twitter зэрэг мэдээллийн сүлжээгээр уур бухимдлаа илэрхийлж, олон нийтийг тэмцэлд дуудах  боллоо. Гэвч Монгол Улсын Засгийн газар бүх зүйл ийм байх ёстой мэт дүлий царайлан салж бутарсан нэгэндээ гомдлын үг чулуудаж гоншигнохоос хэтрэхгүй үхмэл байна. Нөгөө хэд нь юун хариуцлагаа ухамсарлах мантай амиа хоохойлоод алга боллоо. Бизнес эрхлэгчид бүхий л зүйлийг хол ойр ямар нэг байдлаар тээвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа болохоор тээврийн зардалтай холбоотой тодорхой хэмжээний үнийн өсөлт бий болох нь ойлгомжтой. Гэвч үнийн өсөлт ямар ч хараа хяналтгүй хэн нэгний хүслээр нэмэгдэж байгаа нь хэрэглэгчдэд дарамттай. Уг нь улсын эдийн засгийн бүх л асуудлыг зохицуулдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд тэр гэхийн эцэсгүй олон бий. Тэнд бас маш олон хүн ажилладаг хүч ихтэй газар. Гэтэл тэд жижиг дэлгүүр шалгах, хугацаа нь хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг нээлттэй хаалганы өдрөөр хүмүүсийн өмнө дэлгэхээс цаадахыг харах хүсэлгүй байсаар. Ер нь бол Засгийн газрын тэргүүн нь шат шатандаа авах ёстой арга хэмжээгээ ав, ямар байх ёстой түүгээрээ ажилла гэдэг шаардлага тавихад л хангалттай баймаар. Ажиллаж чадахгүй нэгэнд нь ажлын хариуцлага тооцдог байхад бүх зүйл цэгцэрдэг ёстой. Гэтэл тэдгээр агентлагууд нь үндсэн ажлаа хийлгүй мэдэхгүй чадахгүй царайлаад суугаад байгаа нь жигтэй хачин. Энэ бүхнээс үүдэлтэй үнийн өсөлтөөс улбаалан хүмүүсийн амьдралд шууд дарамт болж байгаа салбараас ганцыг нэрлэхэд нийтийн тээврийн салбар шууд санаанд буух жишээтэй. Шийдвэр гаргаж захирдаг эрхмүүдийн өмнөөс бодож үзлээ. Такси нэг км тутамд 1000 төгрөгөөр үйлчлэх боллоо. Цаашлаад элит болон энгийн гэдгээс шалтгаалаад эхний нэг км нь 2000-3000 төгрөгөөр үйлчилж байх жишээтэй. Өнөөгийн байдлаар такси үйлчилгээнд албан ёсоор  явж буй нийт 966 ширхэг бага оврын авто машин байгаа бөгөөд тэдгээр нь моторын ажлын хүчний хувьд 1000-1500сс байдаг аж. Ийм хүчин чадал бүхий мотортой авто машин 100 км зам туулахад зургаагаас найман литер бензин зарцуулдаг. Энэ зэргийн жижиг мотортой машин мотор асаалттай зогсож байх үед бензин зарцуулалт нь ёстой нөгөө үнэртэх төдийд ажиладаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэгэхээр нэг км зам туулахын тулд 80-100 гр бензин зарцуулдаг байна. 100 гр бензиний үнэ өнөөгийн нэмэгдсэн ханшаар тооцож үзвэл 180 төгрөг. Харин түгжрэлд зогсох зарцуулалт нэг км тутамд зарцуулах100 гр шатахуун дээр нэмэх нь100 гр гэж бодоход нийтдээ 200 гр шатахууны зарцуулалт ихдээ 360 төгрөг болж байна. Үүн дээр олох ашгийг 100 хувь гэж тооцож үзвэл нэг км зам туулахад 720 төгрөг болно. Түгжрэлд зарцуулах шатахууныг хасаж бус нэмж бодоход 100 км замд 20 литер шатахуун зарцуулдаг машин нэг км тутамд 720 төгрөгөөр үйлчилж болох нь.Нөгөөтэйгүүр бензин газ хоёрыг харьцуулж үзвэл хэрэглээнд зарцуулалт нь адилхан хэрнээ нэг литер газ зах зээлийн үнэ 1050 төгрөг байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээг хямдруулж болох гарц юм. Хэрэв тэгвэл такси км тутамд 300 төгрөгөөр үйлчлэх боломж ч нээгдэх юм. Гэхдээ бас л шударга үйлчилгээг хэвшүүлж чадвал. Харин энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийтийн тээврийн газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын газар гээд олон субектууд чимээгүй сууж байхад хамгийн үнэтэй үйлчилгээ үзүүлдэг  “Улаанбаатар такси транспорт сервис” зэрэг компаниудтай нийгмийн хариуцлага яриад ч нэмэргүй биз. Хамгийн гол нь энэ асуудал сүүлийн 4 хоногийн турш өвсөнд тавьсан гал мэт газар авч байхад С.Батболд өөрийн тэргүүлсэн Засгийн газар хэрэгжүүлэгч агентлагуудаа шахаж ажиллуулж чадахгүй байгаа нь муу дээрээ муу муухай дээрээ улцан гэдэг болж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш