Бензиний үнэ өсөө л биз. Юун сүртэй юм. Бензин өссөн юм чинь гурил, будаа, такси, микро бүгд л өснө ш дээ. Ойлгомжтой юман дээр, тэнэг юмуу. Юмны наад цаад, нарийн ширийнийг ойлгооч ээ. Би чамд хоёрхон үнэнийг хэлье. Чи, аан гээд сонсож бай.
Нэг. Хамтарсан засаг будаа болж шатахууны үнэ 260 төгрөгөөр дэлбэ үсэрлээ. Энэ үнэн. Ардчилсан намаас тавигдсан Арвинсан гэдэг дэд сайдын шийдвэрээр нэмсэн байж болно. Тэр хамаагүй, Монгол банкны ерөнхийлөгч Д.Пүрэвдорж гэдэг хүний нэр дээр үнийн өсөлтийг хаяглаж явуул гэж Ардчилсан намын зурхайд бууж байна. Алтанхуяг даргын хөзөрт бол 520 төгрөгөөр ч нэмэгдэж болох байсан. Даанч колонкууд, дээрээс нь ардчилсан холбооны зарим нэг эсэргүүний хатгаасаар мэрэгт буусныг дөнгөж тавин хувиар нь гүйцэтгэлээ. Уг нь 2000 давсан бол гоё байхгүй юу. Долларын ханш сүүлийн хоёр сарын дотор 70 төгрөгөөр өсчихөөд байхад бензиний үнэ түүнээс нь дөрөв дахин илүү өсч яагаад болохгүй гэж. Сүртэй сонсогдож байгаа биз дээ. Дөрөв дахин илүү байна уу, таван дахин зөрүүтэй байна уу ямар хамаа байна. Тоог нь битгий харьцуулж, гэрэл цохиулаад бай. Доллар өссөн, тэгээд бензин өссөн. Энэ хэллэгийг цээжилж, амандаа байн байн давтаж хэвшүүл. Нэмэх үндэслэл байсан байгаагүй нь падлий байхгүй ээ, бензиний үнэ өсөх ёстой гэж төлөгт буусан. Өөр бодоод байх юмгүй, гүйцээ. Үнийн өсөлт чухал байхгүй юу, малаа. Одоо нэгэнт Ардчилсан нам Засгийн газарт байхгүй юм чинь ачаагаа үүрч хоцорсноороо Ардын нам руу ард түмэн чичилдэг юм байгаа биз дээ. Энэ үнэн биз дээ. Энэ чинь бууриа сахиж үлдсэн Ардын намын үхэл, Ардчилсан намын ирэх сонгуулийн ялалт. Ойлгов уу, шатахууных нь заяа хаясан үхэр Монгол минь.
Хоёр. Ёолк, цагаан сар болохоор долларын ханш тэртэй тэргүй өсдөг. Энэ үнэн. Ялангуяа цагаан сараар манайхан чинь Эрээнд аваачиж хэдэн валютаа сэгсрээд оронд нь баахан хог новш чирч ирж бие биедээ бэлэглэдэг заншилтай өрөөлд ч, өөрсдөдөө ч өглөгч ард түмэн биз дээ. Угаасаа энэ цаг үе чинь өөрөө валютын гадаад урсгал нэмэгдэж, дотоод урсгал хумигддаг улирал. Тэр жамаараа л долларын ханш өссөн, энэ үнэн. Монгол банк интервэнц хийгээгүй байхад л долларын ханш өчигдрөөс эхлээд буугаад эхэллээ. Тодорхой ш дээ. Зах зээлийнхээ жам ёсны зохицуулалтаар ингэсгээд ханш унана. Цагаан сарын дараа наад ханш чинь 1300, 1200-аас ч дотогш ороод ирнэ. Бензиний үнэ харин буухгүй ээ. Будаа, сахар, таксины үнэ ч мөн адил. Энэ бол ёстой үнэн шүү, АН-ын төлөгт ингэж буусан юм чинь. Ер нь тэгээд бензиний үнэ өсөхгүй бол АН хамтарсан засгаас гарсан утга учир алдагдана биз дээ. Үнэ өсч, ард түмэн туйлдаж байж л эдийн засгийн хувьсгал хийнэ. Түүнээс биш үнэ тогтвортой, хүмүүс тайван байхад хувьсгал гээд гүйгээд байлтай биш. Сонгууль болтол юмны үнэ өшөө сайн өсөх ёстой байхгүй юу. Тэгэж байж Ардчилсан нам эдийн засгийн хувьсгал хийж, Алтанхуяг дарга ерөнхий сайд болно биз дээ. Чиний хүүхэд өлсөж, чиний эхнэр өвдөж байгаа нь улс төрд ямар хамаа байна аа. Цаана чинь сонгууль ойртоод байна. Юун өлсгөлөн, юун гэр бүл. Засгийг хэн авах вэ гэдэг глобальный асуудал яригдаж байна. Бүсээ чангалаад, нүдээ таглаад сонгуулиа л өг. Сонсов уу, үнэний заяа нь хийссэн үхэр монгол минь.
А.Батхуяг /Сайн засгийн тухай бичих заяа нь хаясан үхэр монгол/