logo
АНУ цаазын ял сонссон Америкийн иргэнийг суллахыг Иранаас шаардлаа

АНУ цаазын ял сонссон Америкийн иргэнийг суллахыг Иранаас шаардлаа

2012/01/11
Ираны шүүх Америкийн иргэн Амир Мирза Хекматид ялын дээд хэмжээ оноосныг Вашингтон эрс буруушааж байна. Ираны албаны хүмүүс өнгөрөгч 12-р сард баривчлагдсан 28 настай Иран гаралтай Хекматиг Афганистан, Ирак дахь Америкийн баазуудад сургалтанд хамрагдсаныхаа дараа тагнуул хийсэн хэмээн буруутгажээ. Харин Америкийн тал Хекматиг тагнуул гэдгийг үгүйсгэж байгаа бөгөөд Ираны талд хандан түүнийг суллахыг уриалж байгаа юм.
Америкийн төрийн Департментын төлөөлөгч Викториа Нюланд "Бид анхнаасаа түүнд тулгасан хэргүүдийг гүтгэлэг гэдгийг мэдэгдсээр ирсэн, түүнийг нэн даруй суллахыг Ираны засгийн газраас хүсч байна" гэж мэдэгдсэн байна.
Хекматид ялын дээд хэмжээ оноосон тухай мэдээлэл “Фарс” мэдээллийн сайтад тавигдсан өдөр Олон улсын цөмийн энергийн агентлаг Иран улс газар доор орших үйлдвэрт уран баяжуулж эхэлснийг баталжээ. Эдгээр нь Америк, Ираны харилцааг цаашид улам хурцатгаж магадгүй байна. Иран улс зөвхөн энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж мэдэгддэг ч барууны орнууд тус улсыг цөмийн зэвсэгтэй болохоор зорьж байна гэж үздэг. Америкийн талын эдийн засгийн хатуу хориг нь Исламын Бүгд Найрамдах улсыг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх зорилготой.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмаденижад Латин Америкийн орнуудаар айлчлал хийж байна. Тэрээр Венесуэлд хүрэлцэн иржээ. Америкийн тал Ирантай харилцахгүй байхыг анхааруулаад байсан ч Венесуэлийн албаны хүмүүс Ираны удирдагчийг хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.
АНУ Ираны эсрэг эдийн засгийн хатуу хориг тавьсан бөгөөд энэ нь ихэнх орнууд Исламын Бүгд Найрамдах улсаас газрын тос худалдаж авах боломжгүй байдалд хүргэж магадгүй юм.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш