logo
“Ардчилсан Үндсэн хууль-20” уран бүтээлийн уралдааны дүн гарлаа

“Ардчилсан Үндсэн хууль-20” уран бүтээлийн уралдааны дүн гарлаа

2012/01/12
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулан сэтгүүлчдийн дунд зарласан “Ардчилсан Үндсэн хууль-20” уран бүтээлийн уралдаанд амжилттай оролцсон сэтгүүлчдэд Батламж, мөнгөн шагналыг өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Уралдааныг шалгаруулах комиссын дарга, АИХ-ын орлогч дарга асан, СГЗ Л.Дашням, УИХ-ын даргын зөвлөх Б.Золбаяр, Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн захирал, СГЗ Т.Баасансүрэн нар гардууллаа.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж уг ёслолын ажиллагааг нээн хэлсэн үгэндээ, Шинэ Үндсэн хуулийг боловсруулах, Улсын Бага хурал, Ардын Их Хурлаар хэлэлцэх, Үндсэн хуулийн төслийн талаар ард нийтийн санал асуулга авч тэдний саналыг Үндсэн хуулийн төсөлд тусгах, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үйл явцыг олон нийтэд мэдээлэх, сурталчлахад хэвлэл мэдээллийнхний оруулсан үүрэг асар их хэмээн онцолсон. 
Түүнчлэн ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх, соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага идэвхтэй оролцсоныг онцлон тэмдэглэх хэрэгтэй гэж хэлсэн юм.
Мөн АИХ-ын орлогч дарга асан, СГЗ Л.Дашням, Ард түмнийхээ зан суртахуун, ардчилсан ёсны хэв хэмжээг илтгэсэн, төр нийгмийн түүхийн нэгэн цаг үеийг шинжлэн дүгнэсэн, амьдралын сургаалын нэвтэрхий толь болсон Шинэ Үндсэн хуулиа батлаад 20 жилийнхээ ойтой золгож байгааг онцлоод шинэ Үндсэн хууль батлагдаад 20 жил улиран одсон ч Үндсэн хуулийн үзэл санаа ард түмний ажиллах хөдөлмөрлөх, ахиж дэвшихэд баталгаа болсоор байгааг дурдсан юм. 
Монгол Улсын төрт ёсны нэгэн бахархал болсон Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд зарласан уралдаанд хэвлэл, мэдээллийн байгууллагын уран бүтээлчдээс гадна хуульч, судлаач, идэвхтэн бичигчид ч идэвхтэй оролцсонд талархаж буйгаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлсэн. Мөн тэрбээр, энэ боломжийг ашиглаад шинэ Үндсэн хууль батлаглдсаны 20 жилийн ойг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийн үзэл санааг сурталчлах, соён гэгээрүүлэх үйлсэд идэвхтэй оролцсон хэвлэл, мэдээллийн байгууллагын хамт олонд баярын мэнд  хүргэсэн юм.
“Ардчилсан Үндсэн хууль-20” уран бүтээлийн уралдаанд дараахь уран бүтээлчид шалгарсан байна.
       Нийтлэлийн төрөлд:
       I байр: УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн ахлах судлаач Ц.Товуусүрэнгийн “Үндсэн хуулиа дээдлэхүй” нийтлэл,
        II байр: МУСГЗ, зохиолч, сэтгүүлч С.Лочингийн “Үндсэн хуулийн тухай хоёр тэмдэглэл” нийтлэл,
        III байр: Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Сугарын    “Үндсэн хуулиа дээдлэх ёсон” нийтлэл.
      Ярилцлагын төрөлд:
       I байр: “Өнөөдөр” сонины Улс төр, мэдээллийн албаны дарга, МУСГЗ И.Рэнчинхандын “Бурхнаан шүтэж, зарчмаан дээдлэн... засгаан залья” ярилцлага,
       II байр: “Монголын үнэн” сонины сурвалжлагч Б.Номингийн “Э.Бат-Үүл:Бурхан минь, Үндсэн хуульд тэр өөрчлөлтийг хийчихээгүй нь яамай” ярилцлага,
      III байр: Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч Р.Бумдарийн “Цөллөгөнд 25 жил амьдарсан хүнтэй хөөрөлдсөн нь” ярилцлага.
Сурвалжлагын төрөлд:
       I байр: “Ноцтой мэдээ” сонины сурвалжлагч Б.Ойдовын “Үндсэн хууль өвөртөлж явдаг хүн” сурвалжлага,
      II байр: “МОНЦАМЭ” агентлагийн “МОНЦАМЭ мэдээ” сонины ажилтан, зохиолч Ч.Содномдоржийн “Самбуу даргын садан” сурвалжлага,
     III байр: “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгч Г.Дашрэнцэнгийн “Хоёр эхнэртэй байхыг Монгол Улсын Үндсэн хуулиар зөвшөөрөх шахсан нь” сурвалжлага.
   Нэвтрүүлгийн төрөлд:
       I байр: МҮОНТ-ийн “ММ” агентлагийн тоймч Ж.Алтангэрэлийн “Шинэ Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдол, зарчим, нөхцөл шаардлага” сэдвээр хийсэн “Парламентын хэлэлцүүлэг” нэвтрүүлэг,
      II байр: “SBN” телевизийн сурвалжлагч Д.Мягмартогтох, Б.Түвшинтулга нарын “Ардчилсан Үндсэн хууль-20” тойм сурвалжлага,
      III байр: “SBN” телевизийн сэтгүүлч Ц.Цэрэндолгорын “Шинэ Үндсэн хууль” сэдэвт “Шийдэл” нэвтрүүлэг.
      Тусгай байрт:
1.     Налайх дүүргийн иргэн А.Ганболд /“Дэлхийн ардчиллыг эх орондоо нутагшуулсан Үндсэн хуульт үндэстэн гэдгээрээ Монголчууд бид бахархах эрхтэй боллоо” нийтлэл/,
2.    “Ардчилал” сонины сурвалжлагч У.Бадамцэцэг /“Үндсэн хууль хорьхон насандаа үхрийн бөөр шиг болов” нийтлэл/,
3.    “МОНЦАМЭ мэдээ” сонины сурвалжлагч Ж.Батсайхан /“Ертөнц ёс зүй дээр тогтдог, төр ёс зүйгээр томордог” нийтлэл/ нарын бүтээл шалгарчээ.    
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш