Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-д ажилладаг таван хүн архинд хордсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн үед таван ажилтан нь хийн баллонд хийдэг техникийн спиртийг устай хольж уусан аж. Нэг хүний бие нь муудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан бол хоёр нь хөнгөн хордож, Ханбогд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм.
Харин хоёр хүнийх нь биеийн байдал хүндэрсэн тул 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотын Цэргийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирсэн байна. Тэгвэл Улаанбаатар хотын харьяат 30 настай Н.Мөнх-Өлзий, 35 настай Д.Болдбаатар нар нь “Оюу толгой” ХХК-д жолооч хийдэг байжээ.
Д.Болдбаатар нь Н.Мөнх-Өлзийг бодвол хордлого арай гайгүй байсан тул энгийн тасагт, Н.Мөнх-Өлзий нь Сэхээн амьдруулах тасагт хэвтжээ. Энэ талаар бид тэдний эмчлэгч эмч Ж.Энхжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.
Өөрийн гэсэн ухаангүй, үхлүүт ирсэн
-Танай эмнэлэгт “Оюу толгой” ХХК-д ажилладаг хоёр ажилтан ирсэн гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Тийм. Өөрийн гэсэн ухаангүй, биеийн байдал нь маш хүнд ирсэн. 12 дугаар сарын 16-ны өдөр ирсэн.
-Хийн баллонд хийдэг шингэн зүйлийг устай хольж уусан гэсэн. Хордлогын байдал ямар байсан бэ?
-Техникийн спирт уусан байсан. Метилийн спирт гэж хэлж болохгүй. Энэ бол шинжилгээний хариугаар гарна. Бид эмчилгээг нь хийсэн.
-Нэг нь нас барсан гэсэн. Нөгөө хүнийх нь биеийн байдал ямар байгаа вэ?
-Д.Болдбаатар төлбөртэй эмчилгээ долоо хоног хийлгээд, биеийн байдал нь дээрдсэн. Харин Н.Мөнх-Өлзий нь Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаад эмчилгээ авч чадалгүй нас барсан. Миний хувьд Д.Болдбаатарыг эмчилж байсан.
-Д.Болдбаатар хэд хоног хэвтэн эмчлүүлсэн бэ?
-12 дугаар сарын 16-наас нэгдүгээр сарын хоёрны хооронд эмчилгээ хийлгэсэн. Биеийн байдал нь маш сайн болоод гарсан. Одоо хэвийн байдалдаа орсон.
-Хордлогын байдал ямар байсан талаар тодруулаач?
-Мэдээж техникийн спирт маш хортой зүйл. Ходоод гэдэс, дотор эрхтэн гээд маш их хордлоготой байсан. Өөрсдийн гэсэн ухаангүй, үхлүүт ирсэн. Д.Болдбаатарын эмчлэгч эмч болох Ж.Энхжаргал ийн ярилаа. Талийгаач Н.Мөнх-Өлзий гэгч 30 настай залуу биеийн байдал нь хүнд ирээд эмчилгээ авч чадалгүй нас баржээ. Архи гэгч гашуун усанд толгойгоо мэдүүлсэн тэрээр техникт хэрэглэдэг спиртийг устай хольж, уугаад амиа алдсан нь харамсалтай.
Сүүлийн үед архинаас үүдэлтэй хэргүүд шил дараалан гарч байгаа хэдий ч эрүүл саруул ухаантай байсан хэрнээ согтуурч мансуурахын тулд хор ууж амиа алдаж байгаа нь үнэхээр аймшигтай бас харамсалтай.
Эх сурвалж: SHARSONIN.MN