logo
Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаална

Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаална

2012/01/12
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, зах  зээл дэх үнийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Сар бүр иргэдэд 21 000 төгрөг, оюутнуудад 70 000 төгрөгийн тэтгэлэг олгож байгаатай холбоотойгоор малчид малын махныхаа  борлуулалтыг багасгасан.
Мөн 2011 оны хавраас эхэлсэн шатахууны үнийн өсөлттэй холбогдон орон нутгийн ачаа тээврийн зардал өссөн, гадаад валютын ханшийн өсөлт, үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг хууль бусаар зарим хилийн боомтоор экспортлох болсон зэргээс шалтгаалан махны үнэ өссөн гэж тэрбээр тайлбарлажээ.
Үүнтэй холбогдуулан дотоод зах зээл дэх махны хангамжийг нэмэх зорилгоор дотоодын зах зээлд борлуулсан махыг НӨАТ-аас чөлөөлсөн хуулийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн аж. 
Мөн махны 22 үйлдвэр нөөцийн махыг 1 дүгээр сарын 15-наас худалдаанд гаргаж, зах зээлийн жижиглэнгийн үнээс 1000 төгрөгийн хямдаар борлуулах гэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолын дагуу сар бүр махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлжээ.
2011-2012 онд нөөцийн махны урамшуулалд 8 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн төсөвт суулгаж, улсын хэмжээнд 16 мянган тонн мах нөөцөлсөн байна. Үүнээс Улаанбаатар хот 12 мянга, Дархан, Эрдэнэт тус бүр 1000, бусад аймаг тус бүр 100 тонн мах нөөцөлжээ.
Хүнсний өргөн хэрэглээний барааны нэг болох гурилын үнэ сүүлийн жилүүдэд тогтмол буурч ирсэн тухай сайд Т.Бадамжунай танилцуулав.
Нэг кг цагаан будаа 2008 оны 4-5 дугаар сард 800-1350 төгрөг болж огцом өсч байсан бол өнөөдрийн байдлаар 1600-1645 төгрөг байгаа, гэхдээ энэ нь сүүлийн хоёр жилд харьцангуй тогтвортой байна гэсэн үг гэнэ.  
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар авсан 9,7 мянган тонн цагаан будааг аж ахуйн нэгжүүдэд гэрээ байгуулан олгосны дүнд нэг кг цагаан будааны бөөний үнийг 1100 төгрөг, жижиглэнгийн үнийг 1300-1500 төгрөгт барьж чадсан гэв.
Мөн ирэх 7 дугаар сард Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар будаа авахаар тохиролцсон бол БНХАУ-аас цагаан будааны квот авах, Бүгд Найрамдах Лаос Ард Улсад газар түрээслэж цагаан будаа тариалах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш