logo
Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжинэ

Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжинэ

2012/01/12
2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталжээ.
    Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа, арга хэмжээг төсвийн багцаасаа санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.
    Мөн өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр зарцуулах нэмэлт хөрөнгийг төсөвтөө тусгаж байхыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чиглэл болгожээ. 
    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах үүргийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хүлээсэн байна.
    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах, одоо хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдад, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой зардлыг Хүн амын хөгжлийн асуудлаархи Үндэсний хорооны төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байх болжээ.
    “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2012-2015 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сарын дараа дунд хугацааны хяналт-шинжилгээ, хэрэгжиж дууссаны дараа үнэлгээ хийх юм байна.
    Хөтөлбөрт манай улсын нийт өрхийн 15-аас доошгүй хувь буюу хамгийн бага хэрэглээтэй 130 мянган өрхийг эхний ээлжинд хамруулах юм. дээрх өрхийн  20-иос доошгүй хувь нь ядуурлаас гарсан байна гэж төлөвлөжээ.
    Хөтөлбөрт хамруулах өрхийг сонгохдоо өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаж, мэдээллийн баазын бага хэрэглээтэй бүлэгт орсон, ийм судалгаа хийгдээгүй бол сум, хорооны түвшинд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатайг нь тогтоож, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар баталгаажуулсан байх ёстой.
Түүнчлэн өрхийн нөхцөл байдлын үнэлгээгээр заавал хөгжих өрхийн бүлэгт хамрагдсан байх, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ албан ёсоор гаргасан байх шаардлага тавих юм байна.
Хөтөлбөрийн хүрээнд өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ.    
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш