logo
Зуу гаруй метрийн өндрөөс унаад амьд үлджээ

Зуу гаруй метрийн өндрөөс унаад амьд үлджээ

2012/01/12

Африкаар аялж явсан Австралийн 22 настай жуулчин Эрин Лэнгворти Замби болон Зимбабве улсын хил дээр орших Замбези голын 111 метрийн өндөрт орших Виктория-Фолс гүүрнээс олстой үсрэлт хийж азаа туршсан тухай Гардиан сонинд мэдээлжээ. Энэ гол нь дэлхийд хамгийн томд тооцогдох Виктория хүрхрээнээс холгүй оршдог.

Түүнийг үсрээд голын уснаас 20 метрийн өндөрт савлаж байхад хөлнөөс нь уясан олс тасарч, тэрбээр ус руу толгойгоороо унажээ. Бүсгүй усанд унах үед хоёр хөл нь уяатай, харин гол дотор матар болон аварга загаснууд сүлжилдэж байв.

Гэсэн ч тэрбээр өндрөөс ус цохиж унахдаа эсэн мэнд үлдсэн төдийгүй хөлд нь уяатай олс голын ёроолын чулуунд хэд хэдэн удаа тээглээд өнгөрсөн байна. Тиймээс бүсгүй голын эрэг рүү сэлж гарч чаджээ. Түүнийг эмнэлэгт хүргэж үзлэг хийхэд эгэм нь хугарснаас өөр ноцтой бэртэлгүй байжээ.

Замбийн эрх баригчид энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Гэсэн ч тэд гүүрнээс үсрэхийг аюулгүйд тооцож байгаа бөгөөд жил бүр 50 мянга орчим хүн гүүрнээс олстой үсэрдэг аж. Ийм үйл ажиллагааг 10 жил явуулж байгаа ба эл хугацаанд энэ удаагийнх шиг хэрэг гарч байгаагүй гэнэ.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш