logo
Шатахууны үнийн өсөлт Нигеричүүдийг бухимдуулж байна

Шатахууны үнийн өсөлт Нигеричүүдийг бухимдуулж байна

2012/01/13
Лхагва гаригт Нигерийн Лагос хотын гудамж талбайд олон арван мянган хүн цуглажээ. Мөн энэ хотод олон мянган хүн ажил хаясан бөгөөд ихэнх банк болон албан газрууд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Нийслэл Абужа хотод ч үйлчилгээний газрууд, сургуулиуд үүд хаалгаа барьжээ. Нигер мужийн нийслэл Миннад залуучууд байшин барилга, машинуудыг шатааж үймээн самуун үүсгэсний дараа 24 цагийн хөл хорио тогтоосныг BBC мэдээллээ.
Ийнхүү Нигери даяар ард иргэд ерөнхийлөгч Гүүдлак Жонатаны газрын тосны компаниудад олгодог мөнгөн тэтгэмжийг цуцлах шийдвэрийг эсэргүүцсээр байна. Учир нь ерөнхийлөгчийн шийдвэрээс болж байгалийн хий болон түлш шатахууны үнэ хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Газрын тосны компаний ажилчдыг төлөөлж байгаа үйлдвэрчний эвлэлийнхэн газрын тосны олборлолтыг зогсооно хэмээн анхааруулжээ.
Даваа гаригт цагдаа нар жагсаалыг тараахын тулд резинен сумтай буу, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Энэ үеэр гурван жагсагч амь үрэгдэж,  арав гаруй хүн шархаджээ. Ийнхүү үймээн самуун дэгдээд байгаа ч ерөнхийлөгч Жонатан телевизээр хийсэн мэдэгдэлдээ шийдвэрээ өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ.
Нигери улс нь газрын тос нийлүүлэлтээрээ Африкт тэргүүлдэг. Энэ улс өдөрт 200 сая долларын өртөг бүхий газрын тосыг экспортолдог байна. Гэсэн хэдий ч Нигерийн удирдлагууд газрын тос боловсруулахад шаардлагатай дэд бүтцийг байгуулахад хөрөнгө оруулаагүй ажээ.
Газрын тос олборлогч копаниудад олгодог байсан тэтгэмж, татаас нь авилгыг хээл хахууль газар авахад нөлөөлж байсныг эдийн засагчид хэлж байгаа юм.  Ерөнхийлөгч Жонатан мөнгөн тэтгэмжийг цуцалсны дүнд жилд найман тэрбум орчим долларыг хэмнэнэ гэж үзэж байна. Тэрээр энэ мөнгийг ядуурлыг бууруулах болон боловсрол, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулна гэж мэдэгджээ.
Нигери улсын 160 сая хүн амын ихэнх нь өдрийн хоёр долларын орлогоор амь зуудаг аж. Тиймээс түлшний үнэ огцом нэмэгдсэн нь тэдэнд хүндээр тусч байна. Өмнө нь Нигерит түлшний үнэ хөрш орнуудынхыгаа бодвол харьцангуй хямд байжээ. 
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш