logo
Гурван настай охин арслантай

Гурван настай охин арслантай "ширтэлцжээ"

2012/01/13
Хэн нэгнийхээ хэлсэн үгэнд итгэхгүй байгаа хоёр хүн нэг нэгнийхээ нүд рүү удаан харахыг нүүрэлдэх, ширтэлцэх гэж ярьдаг. Тэгвэл бяцхан охин арслантай ширтэлцсэн гэвэл та итгэх үү?
Гурван настай София Уолкер эцэг эхтэйгээ хамт Шинэ Зеландын Веллингтон хотын амьтны хүрээлэнд очжээ. Бяцхан охин шилэн хаалтны цаана байсан арсланг хэсэг хугацаанд сонирхон харж зогссон байна. Малик нэртэй арслан ч охины урдаас хэсэг харж байснаа уур нь хүрсэн үү шилэн хаалтыг маш хурдан самардаад эхэлжээ. Охины ээж арслангийн түрэмгий авирыг камераар бичиж амжсан байна.
"Би зоригтой байсан" хэмээн Софиа охин хэлсэн байна. Веллингтон амьтны хүрээлэнгийн менежер Пол Хортон арслангийн зан авир хурдан өөрчлөгддөг талаар ярьжээ. Тэрээр хэлэхдээ "Арслан амьтны хүрээлэнд ирсэн хүмүүс рүү шилний цаанаас дайрахаар оролдсоныг хоёр дахь удаагаа харлаа, энэ арслан заримдаа бага зэрэг догшин ширүүн байдаг" гэжээ.
Софиаг арслангаас тусгаарлаж байсан шил маш зузаан, бат бөх учраас аюулгүй юм байна.  Охины аав Жулиан Уолкер ярихдаа "Эхнэр маань охин луугаа гүйхийн оронд камераараа бичлэг хийгээд байсанд гайхсан, гэхдээ бид тусгаарлах шил бат бөх учраас аюулгүй гэдгийг мэдэж байсан" гэжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш