logo
Ким Чен Уныг сурталчлах ажил эрчимтэй хийгдэж байна

Ким Чен Уныг сурталчлах ажил эрчимтэй хийгдэж байна

2012/01/13
Хойд Солонгосын дараагийн удирдагч Ким Чен Уныг магтан дуулж, түүний тушаал зааврыг дагахыг ард түмэнд уриалсан дуу гарчээ. Энэ бол Ким Чен Ирийг таалал төгссөний дараа залуу Кимийн имижийг бүрдүүлж, ард түмэнд бүрэн хүлээн зөвшөөрүүлэх зорилготой ажлын нэг хэсэг юм. Энэ мэт суртал ухуулгыг маш далайцтай, өргөн хүрээнд явуулж байна.
Умардын нийслэлд 100.000 орчим хүн шинэ удирдагчаа дэмжиж байгаагаа илэрхийлэн жагссан. Харин өнгөрөгч ням гаригт залуу Кимийн төрсөн өдрийг тохиолдуулан гаргасан шинэ баримтат кинонд түүний олон талын "чадварыг" харуулжээ. Баримтат киноны тайлбарлагч "Ялагдашгүй Генерал танкийг чадамгай жолоодож байна" хэмээн ярьж байгаагаас энэхүү бүтээлд залуу Кимийг хэт дөвийлгөн харуулсныг ойлгож болно. Цэргийн генералууд Ким Чен Уны гарыг атган зогсоход олон мянган цэрэг уухайлж байгааг, мөн түүний инээж, ахмад офицеруудтай зөвлөлдөж  байгаа, морь унан давхиж буй  дүрсүүдийг баримтат кинонд оруулжээ.
Ким Чен Ун өвөө Ким Ир Сенийхээ өмсдөг байсантай адил хар хүрэм өмсөж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар түүний өвөөтэйгөө төстэй байдал нь залгамжлагчаар сонгогдсон шалтгаануудын нэг юм байна.
Олон улсын Крайзис группын Даниел Пинкстон ярихдаа  "Умардын удирдлагууд Ким Чен Ун олон хэл мэддэг, цэргийн онцгой авъяас, чадвартай гэх мэт хийсвэр ойлголтыг ард түмэнд төрүүлэхээр хичээж байна, тэд Ким Чен Уныг нөхөрсөг, зөөлөн хүн гэдэг байдлаар ард түмэнд ойлгуулахаар ажиллаж байгаа байх, Хойд Солонгост хүнд хэцүү зүйл, гачигдал зовлон их бий, маш олон хүн албадлага дайчилгаа, цэрэг армийн бэлтгэл зэрэгт сэтгэл дундуур байдаг"  гэжээ.
Ким Чен Ир Умард Солонгосыг удирдах хүртлээ бараг 20 жил бэлтгэгдсэн. Харин Ким Чен Ун өвөө, эцэг хоёроо бодвол харьцангуй залуудаа төрийн эрхэнд гарсан. Умардын одоогийн дэглэмийг хэвээр авч үлдэх үү эсвэл улс орондоо ардчилсан өөрчлөлт хийх үү гэдэг нь өвөөтэйгөө төстэй гадаад төрх, эцэгтэйгээ адил зан авиртай Ким Чен Унаас хамаарна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш