-МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ ДЭЭР УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ-
Улаанбаатар хот 2012.01.13
Монгол улсын Ерөнхийлөгч өө,
Ерөнхий сайд аа,
Үндсэн хууль тогтоогч Ардын Их Хурлын
эрхэм хүндэт депутатууд аа,
Улсын Бага Хурлын гишүүд ээ,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд, сайдууд аа,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Одоогоос хорин жилийн өмнөх энэ өдөр, өлзий бэлэгт энэ морин цагт, АИХ-ын энэ танхимд Та бид Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг ёслол төгөлдөр баталсан билээ. Үндсэн хуулиа тухайн үеэс нь шинэ, ардчилсан хэмээн нэрлэсээн.
Энэ Үндсэн хууль нь улс орныг дэлхий нийтийн хөгжил дэвшилд хөтөллөө. Нийгмийн харилцааг өөрчилж, өнөөгийн өндөрлөгт хүргэлээ. Энэ чанараараа цаашдаа ч ардчилсан шинжийг хадгалан орших, төгс хууль болсноо харуулж байна.
Хорин жилд ямар үр дүнд хүрснээ энэ мөчид эргэцүүлэн бодоцгооё. Үндсэн хуулийн үзэл санаан дор нийгмийн цоо шинэ харилцааг бид төлөвшүүлж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцааны эдийн засагт шилжлээ. Төрийн тогтолцоо өөрчлөгдөж, Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, орон нутгийн хурлыг бүх нийтээр чөлөөтэй сонгож, “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлж байна.
Улс төрийн ардчилал баттай тогтож, хүний эрх, эрх чөлөөг хүн төрөлхтний ардчилсан жам ёсны түвшинд баталгаажуулж, иргэний улс төрийн эрхээ эдлэх нөхцөл бүрэн хангагджээ. Хүний эрх, эрх чөлөөг Монгол оронд дээдлэн хүндлэх болов. Энэ бол манай нийгмийн ухамсар, оюун санааны амьдралд гарсан хамгийн том ололт мөн.
Хэвлэл мэдээллийн, төрөөс хараат бус, чөлөөт бие даасан байдал хангагдаж, техник хэрэгсэл, технологийн хүчин чадал нь өндөр хөгжилтэй аль ч оронтой зэрэгцэх боллоо. Иргэдийн мэдээлэл авах боломж улам бүр нээлттэй болсоор байна.
Өмчийн олон хэлбэрт эдийн засагт шилжих шилжилт амжилттай хэрэгжлээ. Эдийн засагт хувийн хэвшил давамгайлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эзлэх болов. Өмчийн хэлбэрийн өөрчлөлт нь баялгийг бүтээхэд иргэний оролцоо, санаачилгыг эрс нэмэгдүүллээ. Хувийн хэвшлийн 56 мянган аж ахуйн нэгж байгууллага, компани, 60 мянган хоршоо фермер ажиллаж байна. Иргэд өөрсдөө хэний ч зааварчлагагүй ажилладаг, үйлдвэрлэгчид, хамтрагчид, зохион байгуулагчид болж хувирчээ. Монгол улс эдийн засгаа хурдацтaй, тогтвортой өсгөх хөгжлийн шинэ зам дээр гарлаа.
Монгол орон 20 жилийн залуу ардчиллаараа олон улсын хэмжээнд нэрд гарч байна. Эгнээндээ 140 гаруй орныг багтаасан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг өнгөрсөн жилээс даргалж, бүс нутагтаа, түүний дотор Азийн орнуудад ардчиллын хэмжүүрээр үлгэр жишээ орон гэгдэх боллоо.
Бид хоёр хөрштэйгөө стратегийн түншийн хэмжээнд харилцаж, өрнө дорнын олон оронтой нэн идэвхтэй, ажил хэрэгч харилцаатай болсон. Монгол Улс олон улсын анхаарлын төвд байна. 157 улстай дипломат харилцаа тогтоон дэлхий дахинд нэр хүндээ дээшлүүлэв.
Засаглалын дээд эрхийг Их Монгол Улсын үеэс уламжлан ирсэн хамтын хэлэлцүүлгийн буюу тухайн үеийн Их Хуралдайд олгож байсанчлан өнөөгийн Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгосон юм. Үндсэн хуулиндаа бид “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” хэмээн тодорхойлсон билээ. Энэ зарчим хөндөгдөхгүй. Үүнийг “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” 2010 оны хуулиар баталгаажуулсан. Төлөөллийн ардчилалтай зарим оронд нэг хүний манлайлал, засаглалыг чухалд үзэж, төрийн болон засгийн газрын тэргүүнд дээд эрх олгох нь байдаг.
Манай Үндсэн хуулиар төрийн дээд эрх мэдлийг парламентын засаглалд олгосноороо бусдаас ялгарах онцлогтой. Энэ бол хамтын бодол санааг үнэлдэг түүхэн уламжлал, их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагаа, үндэсний аюулгүйн үүднээсээ илүү оновчтой болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар, шүүх эрх мэдэлд үлэмж эрх, үүрэг Үндсэн хуулиар оногддог бөгөөд эрх, үүргийг булаацалдан мөчөөрхөх үндэсгүй юм. Бие биеийн чиг үүрэгт хальж орох нь хариуцлагыг эзэнгүйдүүлэх хортойг Та бид сайн мэдэх билээ.
Эрх зүйт төрийг цогцлоон байгуулах, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх чиглэлд эрс шинэчлэл хийгдлээ. Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хуулийн ажлын хэсгийн гишүүд, төсөл боловсруулахад гар бие оролцсон бүх хүмүүс ямар Үндсэн хууль баталснаа өнөөдрийн үр дүнгээр харж байна.
Та бид уламжлалыг шинэчлэлтэй хослуулж Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад үлэмж их хүч, чармайлт гаргаж байсан нь тэр үеийн түүхэн баримт, депутатуудын хэлсэн үгнээс тодорхой харагдаж байдаг. Мөн тодорхой асуудал дээр оюун бодлоо уралдуулж, Монгол орныхоо нөхцөл байдал, соёл, зан заншилд нийцүүлж Үндсэн хуулийн үг үсэг, цэг таслал бүр дээр нягт нямбай ярилцан нөр их хөдөлмөр зарсан. Ийнхүү хичээл зүтгэл гаргаж ажилласан маань өнөөдрийн амжилтын үндэс болж байгаа болохоор Эрхэм хүндэт депутатууд Та бүхэнд гүн талархал дэвшүүлж байна.
Мөн Ардчилсан зарчмыг тууштай баримталж, Үндсэн хуулийн эхийг боловсруулж, байнгын ажиллагаатай парламентын суурийг тавилцсан Улсын Бага Хурлын гишүүдэд талархал илэрхийлье.
Үндсэн хуулийн төслийг ард нийтээр гурван сар гаруй хугацаанд хэлэлцсэн. Энэ хугацаанд 200 мянга гаруй хүн давхардсан тоогоор 900 мянга гаруй санал гаргасныг Үндсэн хуулиндаа тусгасан юм. Үүнээс үзэхэд Үндсэн хууль маань ард иргэдийн санаа бодлоос төрж бойжсон хууль гэж хэлж болно. Энэ утгаараа үр дүн нь өгөөмөр, амьдрах чадвар нь улам ирээдүйтэй, цаашдын хөгжил замналын чиглүүлэгч байх нь гарцаагүй ээ.
Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаа ширгэшгүй юм. Үндсэн хуулиа итгэл үнэмшил болгон, хэлбэрэлтгүй дагаж, хэрэгжүүлж ирсэн төрт уламжлалтай, оюунлаг Монголын нийт ард түмэндээ Үндсэн хуулийн 20 жилийн ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлж байна.
УИХ-ын 5 удаагийн сонгуулиар давхардсан тоогоор 402 гишүүн сонгогдон ажиллажээ. Тэд энэ хугацаанд Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн бие даасан 540 хууль, 1987 тогтоол, 339 гэрээ конвенцыг батлан эрх зүйн шинэчлэлийг хийлээ.
Ингэснээр Монгол Улсад нийгмийн амьдралын бүхий л харилцааг хуулиар зохицуулах боллоо. Эрх зүйт төр монголд бүрджээ. Үзэл бодол уралдуулж, мэргэн оюун, мэдлэг боловсролоо Монгол төрдөө зориулсан үе үеийн УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.
Засаглалын бүтцийн байгууллагуудаас Улсын Их Хурал ард түмэндээ хамгийн нээлттэй нь байх боллоо. Бүх үйл ажиллагаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод, чөлөөтэй мэдээлэгдэж байна. Улсын Их Хурал, УИХ-ын гишүүд ажлын алдаа оноо, ололт амжилтаа ард түмэндээ толилуулж, шүүлгэн дүгнүүлж байна. Энэ утгаараа сонгогч ард түмэндээ хамгийн ойр ажилладаг гэж хэлж болно.
Монголчууд бидний гайхамшигтай ололт амжилт бол, Үндсэн хуулийн хорин жилийн түүхэн үр дүн юм. Ололт амжилтаараа бид бахархаж байна. Үүний зэрэгцээ нийгэм-эдийн засгийн бэрхшээл, шийдвэрлэгдээгүй асуудлуудаа дүгнэж цэгнэж ярилцах нь Та бидний хариуцлага, бас үүрэг гэдгийг ч ойлгож байна.
Бид энэ 20 жилд ядуурлаас ангижраагүй байна. 1995-2000 онд ядуурлын түвшин 36 хувьтай байв. Өдгөө энэ тоо буураагүй, харин ч албан ёсны статистик мэдээгээр 39 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай гэж тооцогджээ.
Баялгийн зонхилох хэсэг хүн амын цөөн хэсгийн гарт төвлөрөх боллоо гэсэн шүүмжлэл байнга гарах болов. Үндсэн хуулиар бол нийгэм баян ядуугийн туйлд биш, нийтийн чинээлэг амьдралыг хүссэн билээ. Орлого хуваарилалтын тэгш байдлыг хэмждэг Жини коэффициент өссөөр байгаа нь үүнийг нотолж байна.
Нийгмийн баялгийн хуваарилалтын шударга бус явдлыг засах ёстой. Өмч хувьчлал, газрын наймаа, ашигт малтмалын лиценз зөвшөөрөл цөөн хүний гарт төвлөрч байна гэсэн дүгнэлтийг эдийн засагч, судлаачид хийх болсныг анхааралтай авч үзэх нь чухал аа. Энэ талаар төсөв, татвар, гааль, цалин хөлс, нийгмийн хамгааллын зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг цаашид нэн зохистой ашиглах шаардлагатай байна.
Ажилгүйдлийг арилгана, ядуурлыг бууруулна, орлогыг нэмэгдүүлнэ, сайн сайхан болгоно гэсэн амлалтаар нийгмийн асуудал шийдвэрлэгдэхгүй, үр дүнд хүрдэггүй болохыг амьдрал харууллаа. Зах зээлийн эдийн засгийн бодит зүй тогтлыг сайтар танин мэдэж, бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн зарчмуудыг чанд баримтлан ажиллаваас амжилтад хүрнэ.
Улс төрийн намууд бол төрийн эрх барих, бодлого тодорхойлох чухал үүрэг бүхий субьект юм. Олон ургалч үзлийг уралдуулж, бодит амьдралыг харж, сонгуулийн хөтөлбөр, зорилго, зорилтоо зөв тодорхойлсон намууд төрийг чадавхижуулахад тусална. Сүүлийн жилүүдэд улс төрийн намуудын рейтинг буурсаар байгааг олон нийтийн дунд явуулсан судалгаа харуулах болов.
Намуудын үйл ажиллагааны зардлыг хувийн компаниуд санхүүжүүлдгийг зогсоох ёстой. Шударга бус сонгууль, албан тушаалын томилгоо зэрэг олон асуудлуудыг санхүүжилтийн зүй бус механизмтай холбон тайлбарлахаас өөр аргагүй. Парламентад суудалтай намуудыг төрөөс санхүүжүүлэх нь зарчмын ач холбогдолтой болох нь ээ гэж харж байна.
Нийгмийн харилцаа бүхэлдээ авлигажсан шинжтэй байна. Олон улсын судалгааны байгууллагууд авлига түгээмэл байгааг анхааруулах боллоо. Жишээ нь: Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан судалгаа Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 183 орноос 120-д орж өмнөх оныхоос ухарчээ. Монгол улс ардчилсан засаглалын зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлж байгаа хэдий ч авлига, хээл хахуул нь хуулийн хэрэгжилтийг завхруулж, “авлигын хэргүүдээс төр засаг нь иргэдээ хамгаалж чадахгүй байна” гэсэн дүгнэлтийг олон улсын байгууллагаас хийжээ. Монгол улсын Авилгатай тэмцэх газраас хийсэн судалгаа ч дээрх байдалтай адил дүн гаргажээ.
Авлигач хандлага төрийн сонгуульд нэвтрэх болсон нь сонгууль шударга биш боллоо гэх эргэлзээг төрүүлэхэд хүргэж байна. УИХ энэ байдлыг харгалзан Сонгуулийн шинэчилсэн хуулиар эдгээр сөрөг үзэгдлийг таслан зогсоох үүднээс мөнгө төгрөг, эд зүйлс тараах, амлалт өгөх, аргалах, зүсэн бүрийн оролдлогыг хориглосон 105 заалтыг хуульд тусгалаа.
Амьд явах нь Үндсэн хуулиар олгогдсон хүний язгуур эрх ээ. Аваар ослоор нас барах явдал сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Судалгаагаар, жилд дунджаар 600 орчим хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж, 3000 гаруй хүн гэмтэж байгаа нь үнэхээр харамсмаар үр дагавар юм. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрх зөрчигдсөөр байна. Монгол хүний эрүүл мэндийг архи, тамхи ноцтой хохироож байна. Цагдаагийн болон бүртгэл мэдээллийн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комиссын тайлан, илтгэлд эдгээр мэдээллүүд тодорхой дурьдагджээ.
Нийгмийн амьдралын шударга биш байдал нь төрийн алба хаагчдын хүнд суртал, ёс зүйн гажуудал, зан суртахууны доройтлоор илэрч байна. Дээр дурдсан сөрөг үр дагавар нь ард түмний төрд итгэх итгэлийг цөвтүүлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх бидний эрхэм зорилгод харшилж байна.
Монголчууд бид эв нэгдэлтэй амьдрах нь юу юунаас чухал байна. Үүний учир шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн Үндсэн хуулиа даяар олноо зарлан тунхагласан билээ. Монгол хүн бүрийн төрөө хүндлэн дээдлэх, нэгнээ хайрлан сүслэх, ололт амжилт, бэрхшээл зовлонгоо хуваалцах, сэтгэл зүрхээрээ нэгдэн нийлэх тэрхүү үндэсний нэгдмэл эрх ашгаар л Монгол төрийн үйлс хангагдана.
Манай оронд сайхнаас сайхан ирээдүйн үүр хаяарч байна. Ирээдүйдээ итгэлтэй байж, Үндсэн хуулийнхаа хүрээнд хөгжин дэвжих түүхэн боломжийг цаг үе бидэнд олгож байна.
Эдийн засгийн голлох үзүүлэлтээрээ хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрэх цаг ойрхон болов. Эдийн засагт бий болсон энэхүү боломжийг хүнээ чадваржуулах, техник технологио шинэчлэх, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийг өргөтгөх, уламжлалт мал аж ахуй, газар тариалангаа сэргээн хөгжүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй юм.
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн энэ цаг мөчөөс эхлэн бидний тэмүүлэх дараагийн том зорилт бол эдийн засгаа улам чадавхижуулах, иргэдийнхээ улс төрийн эрх, эрх чөлөөг эдийн засгаар баталгаажуулах, монгол хүн бүрийг оюун билэг төгөлдөр, эрүүл энх, элбэг хангалуун сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахын төлөө хөдөлмөрлөж, зүтгэсэн хөгжил дэвшлийн үе шат байх болно.
Монгол түмний хийморь золбоо мандан бадарч байх болтугай.