Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын 25 дугаар хуралдаан амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хэдхэн өдрийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хоёр талын үр дүнтэй уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон асуудлаар санал солилцсон гэдгээ хэллээ.
Тухайлбал, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөөц боломж өргөн байгааг онцолж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченко эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэр, зам тээврийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар онцлов.
Түүнчлэн боловсрол, байгаль орчны салбарт, тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгийг хэллээ.
Талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхтэй хөгжүүлэх, олон жил яригдсан хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.