logo
Сэлбэ дэд төвийг тулгуурлан гэр хорооллыг орон сууцжуулна

Сэлбэ дэд төвийг тулгуурлан гэр хорооллыг орон сууцжуулна

2023/11/01

Өдгөө 220 мянга орчим айл гэр хороололд амьдарч байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг зургаан дэд төвийн бүтээн байгуулалтад тулгуурлан хэрэгжүүлнэ. Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил бүрэн дууссан. Харин Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажлын хүрээнд эхний 800 айлын орон сууц 2024 онд ашиглалтад орно. Сэлбэ дэд төвийн тухайд 158 га газрын 2000 нэгж талбар дахь айлуудын газрыг чөлөөлөхөөр төлөвлөлт гаргасан. Газар чөлөөлөлт хийхдээ иргэдтэй тохиролцох гурван зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих юм. 

Энэ 2000 айлын газрыг чөлөөлөн 12,000 айлын, нам давхрын, дундаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг босгох боломжтой. Ингэхдээ 60 хувь нь ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, 40 хувь нь орон сууц байна. Сэлбэ дэд төвийн 12,000 айлын орон сууц боссоноор газар эзэмшиж байсан 2000 айл нь орон сууцандаа ороод, цаана нь илүү гарсан 10,000 айлын орон сууцанд Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Дарь эх орчмын айлуудыг оруулах боломжтой. Тус барилга байгууламжийн цогцолбор бүхий 158 га талбайг орон сууцжуулснаар Сэлбэ орчмыг усны урсцын тохируулга бүхий далан шуудуутай болгоно. Мөн СУИС, эрүүл мэндийн болон төрийн томоохон байгууллагуудыг эдгээр орон сууцны хороолол дунд цогц байдлаар төлөвлөх боломжтой. Том зургаараа ажлын байр нэмэгдүүлж, ядуурлаас салах боломж бүхий төсөл гэдгийг онцолж байна.   

Хот өөрөө олон улсын санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө, бонд босгож, дэд төвүүддээ тулгуурлан орон сууцны цогц хорооллуудыг байгуулах замаар Их тойруу доторх төвлөрлийг задлах боломжтой юм.

Сэтгэгдэлүүд

Дээш