«Лондон-2012» зуны ХХХ олимпийн наадмын эрх олгох буудлагын спортын хамгийн сүүлийн тэмцээн болох Азийн АШТ Катарын нийслэл Доха хотноо болж байна.
Азийн аваргын хоёр дахь өдрийн тэмцээнд манай урт бууны эрэгтэй баг онч мэргэнээ сорьж, багаараа хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээний ганцаарчилсан төрөлд ОУХМ Н.Баяраа шилдэг наймд шалгарснаар олимпийн эрхээ авсан байна. Ийнхүү Монгол Улсын баг тамирчид «Лондон- 2012» олимпийн 10 эрхтэй боллоо. Буудлагын төрөлд өмнө нь Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа Лондонгийн олимпийн эрхээ авсан юм. ОУХМ Н.Баяраа нь С.Адилбиш багшийн шавь бөгөөд өнгөрсөн онд Хятадын Шэньжэнь хотноо болсон оюутны Универсиад наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байсан билээ.
Д.Өлзий
МОНЦАМЭ