logo
Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг танилцууллаа

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг танилцууллаа

2023/12/01

НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцуулав.

УИХ-аас нийслэлийн төсвийн суурь орлогыг 1.9 их наяд төгрөг, суурь зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр баталсан. Мөн 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт татан төвлөрүүлэхээр, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг хуваарилахаар баталсан юм. Төсвийн төсөлтэй холбоотойгоор есөн дүүргийн 250 орчим иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахад иргэдээс 637 санал ирсэн. Эдгээр саналыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсвийн төсөлд тусгажээ.

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж боловсруулав. Үүнд:

  1. Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна.
  2. Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлнэ.
  3. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  4. Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж дуусгаснаар нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Нийслэлийн 2024 оны төсөвт 2.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд нийт зарлагын 46.3 буюу 1.1 их наяд төгрөгийг урсгал зардалд, 40.3 хувь буюу 964.8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 3.6 хувь буюу 85.2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 0.3 хувь буюу 7.5 тэрбум төгрөгийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт, 9.5 хувь буюу 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Дүүргүүдийн суурь зарлагыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хянаж, 2023 оны түвшнээс 45.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 247.8 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан. Мөн төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуй нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний саналыг бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авсан байна. Ирүүлсэн саналыг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж 983.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 214 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан юм.

Сэтгэгдэлүүд

Дээш