logo
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтооно

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтооно

2023/12/01

НИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлэг болж байна. Нийслэлийн 2024 оны төсөв батлахтай холбоотойгоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан НИТХ-ын тогтоолоор 2019 оноос хойш нийт 52 хороог шинээр байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай НИТХ-ын 2012 оны  тогтоолоор албан татварын хувь хэмжээг тогтоохдоо нийслэлийн газрын үнэлгээний өмнө нь мөрдөж байсан таван бүстэй уялдуулан, үл хөдлөх хөрөнгийг байрлаж буй хороодоор нь ангилан 0.6, 0.8, 1 хувь гэсэн шатлалтайгаар ногдуулахаар баталсан. Энэхүү эрх зүйн актыг мөрдөн ажиллахад шинээр нэмэгдсэн дээрх 52 хорооны хувьд албан татварыг ногдуулахад хуулийн ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс дээрх тогтоолыг шинэчлэн, шинээр нэмэгдсэн хороодыг татвар ногдуулах байрлалаар нь бүсчлэн ангилж, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтоохоор тогтоолын төслийг боловсруулжээ.

Мөн аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Тодруулбал, хотын захын болон төвийн үл хөдлөх хөрөнгийн татвар адил хувь хэмжээтэй байсан. Энэ нь хотын төв рүү чиглэсэн төвлөрлийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тэгвэл тогтоолыг шинэчилснээр хотын төв болон захын үл хөдлөх хөрөнгийн татвар ялгаатай байхаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлэх нөхцөл бүрдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээг нэмэхгүй бөгөөд иргэдийн орон сууцнаас татвар авахгүй.

НИТХ-ын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ” тогтоох хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж, 0-2 хувь байхаар хуульд өөрчлөлт орсон. Гэхдээ нийслэлийн удирдлагаас татвар төлөгчдөд ачаалал үүсгэхгүй байх үүднээс албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хуучин мөрдөж байсан хувь хэмжээг хэвээр мөрдөн, цаашид үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой болгох замаар татварын суурийг өргөжүүлэх, татвар төлөгчдийг татварт бүрэн хамруулах бодлого баримтлан ажиллаж байна.

Хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 5-нд болох юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ

Бүсчлэл

Үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хороогоор

Татварын хувь хэмжээ

I

Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32, 33, 34 дүгээр хороо

1.0 хувь

Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 13, 14, 15, 16, 18, 25, 40, 42, 43 дугаар хороо

Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 14, 15, 16, 17, 18, 19, 27, 29, 23, 30, 31 дүгээр хороо

Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо

Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11,15, 22 дугаар хороо

Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо

II

Баянгол дүүргийн 20, 29 дугаар хороо

0.8 хувь

Баянзүрх дүүргийн 7, 8, 10, 11, 12, 26, 36, 37, 38, 39 дүгээр хороо

Сонгинохайрхан дүүргийн 4, 20 дугаар хороо

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо

Хан-Уул дүүргийн 4, 23, 24 дүгээр хороо

Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 20, 21 дүгээр хороо

III

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хороо

Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 9, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 30, 31, 41, 32, 33, 34, 35 дугаар хороо

Сонгинохайрхан дүүргийн 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 21, 22, 24, 25, 26, 28, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43 дугаар хороо

Сүхбаатар дүүргийн 13, 20 дугаар хороо

Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 12, 16, 17, 18, 19, 20, 21, 25 дугаар хороо

Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16, 17, 18, 19, 22, 23, 24 дүгээр хороо

IV

Сүхбаатар дүүргийн 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо

0.6 хувь

Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороо

Налайх дүүргийн 2 дугаар хороо

Багануур дүүргийн 1 дүгээр хороо

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо

V

Налайх дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хороо

Багануур дүүргийн 2, 3, 4, 5 дугаар хороо

Багахангай дүүргийн 2 дугаар хороо

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш