logo
Чадвартай, шилдэг улстөрчдийг сайдын суудалд нэр дэвшүүлсэн гэж Ерөнхий сайд мэдэгдлээ

Чадвартай, шилдэг улстөрчдийг сайдын суудалд нэр дэвшүүлсэн гэж Ерөнхий сайд мэдэгдлээ

2012/01/18
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Засгийн газрын тэргүүн мэдээллийн эхэнд, Монгол Улсын Засгийн газрыг бүрдүүлэх ажил ид явж байгааг хэллээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт АН-ын дарга, Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай уулзаж, ҮЗХ-ны хурлын шийдвэрээр хамтарсан Засийн газрын бүрэлдэхүүнд АН-аас орж ажиллаж байгаа зургаан сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг албан ёсоор мэдэгдэж, гарын үсэгтэй өргөдлөө гардуулсныг эхлээд дурдав. Төр, засгийн ажил завсаргүй, цалгардахгүй явах ёстой. Энэ зарчмын үүднээс Ерөнхий сайдын хувьд, УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа  МАН-ын даргын хувьд асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлд шуурхай танилцуулсан байна. Засгийн газрыг шуурхай, бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах нөхцөл боломжоор хангах ёстой. Тодорхой зарчмаар хангах ёстой гэдгийг Удирдах зөвлөлд танилцуулснаа Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газрыг цаг хугацаа алдахгүйгээр, төр, засгийн ажил цалгардахгүйгээр, завсар гаргахгүйгээр бүрдүүлэх ёстой гэсэн зарчмыг Удирдах зөвлөл дэмжсэн байна. Засгийн газар одоогийн бүтэц бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой гэж үзжээ. Хамтарсан Засгийн газрыг 2008 онд байгуулахдаа мөрийн хөтөлбөр боловсруулж тавьсан. Хөтөлбөрийн агуулга, цар хүрээ Монгол Улсын хөгжил дэвшлийг нэлээд томоор урагш ахиулах чиглэлтэй. Энэ ажил дунджаар 82 хувьтай явж байгаа. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг Монгол ардын зүйр үгээр Засгийн газар тавьсан зорилтуудаа бүрэн дүүрэн 100 хувь хэрэгжүүлэхийн төлөө цаашид ажиллах ёстой гэдэг зарчмыг гол болгосноо Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан юм. АН Засгийн газраас гарсан ч МАН үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж ард түмнийхээ итгэл дэмжлэгээр өмнөө тавьсан зорилтуудаа өөрчлөхгүйгээр бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мөн илэрхийллээ.

Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тохирсон бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ анхнаасаа баталсан. Нэгэнт зорилтууд хэвээрээ байгаа учир МАН дангаараа тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө эрч хүчтэй итгэлтэй ажиллаж чадна гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр илэрхийлсэн юм. МАН түүхэн хариуцлагыг үүрсээр ирсэн, өнөөдөр ч хүлээж аваад хэрэгжүүлэх чадвартай, бололцоотой улс төрийн хүчин. Цаашдаа ч хийж чадна гэдэгт ард түмэн итгэдэг  гэдгийг Гүйцэтгэх засаглалыг тэргүүн сэтгүүлчдэд хэлээд зургаан сайдаа шуурхай томилж, Засгийн газрын өнөөгийн бүтцийг хэвээр үлдээн ажиллуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн хариуцлагатай сүүлийн жилдээ орсон тул бүтцийг өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ.

Зарим орон тоог цөөлөх санал гарч байгаа ч өнөөгийн хэрэгжүүлж буй зорилтод үл хамаарах тул цаашид шинэ сонгуулийн дараа шинэ зорилтууд хэрэгжүүлэхдээ түүнд тохирсон бүтэц, бүрэлдэхүүн бүрдүүлэх үедээ гарцаагүй бодолцох ёстой гэдгийг ч хэлж байв. 

Шинээр сайдад нэр дэвшүүлээд буй хүмүүсийн гурвыг УИХ-аас, гурвыг гадна талаас төрийн мэргэшсэн, өндөр чадвартай, туршлагатай гишүүдээсээ сонгожээ. МАН боловсон хүчин сайтай тул Ерөнхий сайдын саналаар зарим салбарт өрсөлдөөний зарчим дээр нэр дэвшигчдийг тодруулсан гэлээ. Ингээд гаргасан шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр өнөөдөр хүргүүлжээ. Өмнө нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж санал бодлоо солилцсон гэдгээ дурдлаа.

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн хувьд МАН-ын туршлагатай, шилдэг  боловсон хүчнүүд гэдгийг онцлов. Төр, засгийн үйл ажиллагаа бол гол зорилт, бүх эрч хүчээ түүнд зориулах ёстой тул МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Тэргүүн шадар сайдад санал болгосон байна. МАН-ын гол боловсон хүчнүүдийг намын үйл ажиллагаанд чиглүүлэх бус төр, засгийн үйл ажиллагаанд чиглүүлэх ёстой хэмээн үзэж ийм сонголтод хүрсэн аж. 

“Намынхаа шилдэг боловсон хүчнүүд, тэр дотроо МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж байгаа нь өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм. Сайдад нэр дэвшигчид 12-25 жил төр, захиргааны ажил алба хашсан, төр, захиргаа, улс төр, мэргэжил, салбарын  шалгуурыг бүрэн дүүрэн хангах хүмүүс байгаа. Тэргүүн шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхирваа, ЗТБХБ-ын сайдад энэ салбарт дэд сайд байсан УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Батлан хамгаалахын сайдад энэ салбарын мэдлэгтэй, энэ салбарын төлөө сэтгэлтэй залуу боловсон хүчин Ж.Энхбаярыг дэвшүүллээ. Эрүүл мэндийн сайдад салбартаа танигдсан, мэргэжлийн, салбартаа төрийн захиргааны хамгийн өндөр албан тушаалыг хашиж байгаа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Байгаль орчны сайдад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг дэвшүүллээ. Байгаль орчны асуудал бол дотоодын ч, олон улсын харилцааны ч, бүс нутгийн ч, дэлхий нийтийн ч, аялал, жуулчлалын ч асуудал юм” гэлээ. Чадвартай, шилдэг улстөрчдийг сайдын суудалд нэр дэвшүүлснээ Ерөнхий сайд дахин илэрхийлсэн юм .
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш