logo
Чин сэтгэлээсээ гашуудаагүй Хойд Солонгосчууд шийтгэл амсаж байна

Чин сэтгэлээсээ гашуудаагүй Хойд Солонгосчууд шийтгэл амсаж байна

2012/01/18
Daily NK буюу Хойд Солонгосын дэглэмийг эсэргүүцэгчдийн ажиллуулдаг сайтад мэдээлснээр Умардын удирдлагууд чин сэтгэлээсээ гашуудаагүй иргэдийг шийтгэж байгаа юм байна. Өмнөд Солонгост төвтэй уг сайтад нэр нь үл мэдэгдэх эх сурвалжийн мэдээлснээр Умард Солонгосын удирдлагууд их удирдагч Ким Чен Ирийг таалал төгссөний дараа зохион байгуулсан гашуудлын цугларалтад оролцоогүй, мөн оролцсон ч уйлаагүй, жинхнээсээ гашуудаагүй хүмүүсийг хүчээр хөдөлмөр эрхлүүлэх лагерууд руу дор хаяж зургаан сарын хугацаатай илгээж байгаа ажээ.
Америкийн "Newser" мэдээллийн сайтад мэдээлснээр үнэнээсээ гашуудаагүй хүмүүсийг хүчээр хөдөлмөр эрхлүүлэх лагерууд руу аль хэдийнэ илгээсэн байна. Ингэснээр тэд лагеруудад хоригдож байгаа 200.000 хүний эгнээнд шилжиж байгаа юм.
Эммнести Интернэшнл олон улсын хүний эрхийн байгууллагын 2011 оны тавдугаар сард гаргасан тайланд дурдсанаар Умардын хөдөлмөрийн лагеруудад хоригдогсдын 40 хувь нь хоол тэжээлийн дутагдлаас болж амиа алддаг байна.
Daily Mail сонинд мэдээлснээр хөдөлмөрийн лагерууд руу аваачсан хүний тоо тодорхойгүй байгаа аж.
Өнгөрөгч 12-р сарын 19-нд Ким Чен Ир нас барсныг зарласнаас хойш түүний хүү Ким Чен Уныг сурталчлан таниулж, түүнийг ард түмэнд агуу удирдагч байдлаар ойлгуулах зорилготой суртал ухуулга эрчимтэй хийгдэж байгаа юм.
Э.АМАР

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш