logo
Даланзадгадын ДЦС-ыг хэвийн ажиллуулна

Даланзадгадын ДЦС-ыг хэвийн ажиллуулна

2012/01/19
Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны цахилгаан станцын найдвартай ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэн шийдвэр гаргажээ.
Станцын үндсэн тоноглолд үүссэн доголдлыг арилган хэвийн ажиллуулах, өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгсөн байна.
Энэ дагуу станцын турбогенераторт шинээр суурилуулах турбин, генераторын тоноглолыг яаралтай худалдан авч, гуравдугаар сарын 15-ны дотор угсарч дуусгах гэнэ. 
Импортоор худалдан авах турбин, генераторын тоноглолын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгажээ.
Мөн станцын үндсэн тоноглолын ажиллагааг тогтворжуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэр, компаниудаас нарийн мэргэжлийн, чадварлаг инженер, техникийн ажилтныг станцад түр хугацаагаар ажиллуулах болсон байна.
Хэдийгээр Даланзадгадын дулааны цахилгаан станц “0” зогсолт хийгээгүй ч тоноглолын хүчин чадлаас хамаарч оройн их ачааллын үед эрчим хүчийг 2-2,5 цаг хязгаарлаж байгаа юм.  
Үүний зэрэгцээ Тавантолгой-Даланзадгадын чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг түргэтгэх зорилгоор гүйцэтгэгч компанийн барилга угсралтын ажлын графикийг шинэчлэн тогтоож, шугамыг тавдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулахыг  салбарын сайдад үүрэг болгожээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш