Малчдадаа туслах аяныг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /Харанга/ санаачлан урлаг соёлын нийт уран бүтээлчдээ нэгтэн МҮОНТ-тэй хамтран зохион байгуулах гэж байна. Аяныг 2 дугаар сарын 24-ны Бямба гарагийн 13:30-00:00 цагийн хооронд МҮОНТ-ээр шууд нэвтрүүлэх бөгөөд малчдын нөхцөл байдлыг газар дээрээс нь шууд сурвалжлан хүргэхээр төлөвлөжээ.
Малчдад туслах аянд нэгдэхийг хүссэн хувь хүн байгууллага бүрт нээлттэй бөгөөд хандивын аян зохион байгуулж байгаа бусад хувь хүн, байгууллагыг нэгдэн төвлөрөхийг уриалж байгаа юм байна. Аян шууд дамжуулалтын үеэр МҮОНРТ дээр тусгай цэг ажиллуулж, эд материалыг тусламжийг бүртгэн хүлээх авах ажлыг зохион байгуулах аж.
Санаачлагчид тусгай данс нээж, цугласан хандив тусламжаар хэрэгцээтэй эд зүйлсийг судлан авч, нэн даруй хүргэх ажлыг гардан зохион байгуулахын сацуу гар бие оролцох бүх хүнд нээлттэй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс аянд нэгдэх хүмүүс шууд нэвтрүүлгийн үеэр ажиллах тусгай дугаар руу холбогдон мэдээллээ солилцон гар бие оролцоорой хэмээн уриалж байна.
Тусламжийн аяны тусгай дансыг шууд дамжуулалтын дараа хааж, нэгтгэсэн тайлан гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, малчдадаа туслах аян хэвлэл мэдээллийн байгууллагууддаа нэгдэхийг хүсжээ. Та бүхэн холбогдох мэдээллийг 72007070 утсаар авна уу.