logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговьд ажиллаж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговьд ажиллаж байна

2012/01/23
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул уурхайн хөгжлийн гол тулгуур бүс нутаг болоод буй Өмнөговь аймагт ажиллаа. Өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдийг дуустал буюу 1-р сарын 19-21-ний өдрүүдэд үргэлжилсэн ажлын  үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Даланзадгад сумдаар зочилж, Тавантолгойн бүс болон Оюутолгой төслийн ажлын явцтай газар дээр нь танилцсан юм. Ерөнхийлөгчийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт , Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн гишүүд болон ЗТБХБЯ, Сангийн Яам, БОАЖЯ, НХХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох газар, агентлагуудын албаны хүмүүс дагалджээ.
1-р сарын 19-ний Пүрэв гарагт Ерөнхийлөгч Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Тавантолгойн бүсэд үйл ажиллагаа явуулж буй Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХХК болон Энержи Ресурс компаниудын уурхайгаар зочилж, ажил байдалтай нь танилцлаа. Тавантолгой ХК буюу олны нэрлэж заншсанаар “орон нутгийн” Тавантолгой компанийн хувьд Тавантолгойн нүүрсний ордын 4, 8-р амуудад олборлолт явуулдаг бөгөөд орон нутагтаа 45 жилийн турш ажиллаж байгаа гэдгээрээ баялаг түүхтэй.
Эрдэнэс Тавантолгой ХХК-н тухайд төрийн өмчит компани бөгөөд үйл ажиллагаагаа эхлээд нэг жил болж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэд хөрс хуулалтаа эхлүүлж, 1 сая тонн нүүрс олборлож чадсанаас гадна Засгийн газрын Хүний хөгжлийн санд 338 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Ухаа Худаг ордод үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн хувьд 2009 онд уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд уурхай дагасан нийгмийн болон техникийн дэд бүтцийг цогцоор нь шийдэж, богино хугацаанд ажлын далайцаа нэмэгдүүлж чадсан гол онцлогтой.
Өнөөдөр тус уурхайн хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр болон 18 мегаваттын цахилгаан станц, ус хангамжийн систем, орон сууцны хороолол гээд дэд бүтцийн олон байгууламж бий болсон байна.
Ерөнхийлөгчийн Тавантолгойд хийсэн айлчлалтай холбоотойгоор яригдсан хамгийн гол сэдэв бол мэдээж нүүрс тээвэрлэх дэд бүтцийн асуудал. Түрүүчээсээ Энержи Ресурс компани өөрийн хөрөнгөөр Тавантолгойг Гашуун Сухайтын хилийн боомттой холбосон 245 км хатуу хучилттай авто зам тавьж, Эрдэнэс Тавантолгой компани ч зэрэгцээ зам тавихаар төлөвлөж байгаа хэдий ч улс орны ирээдүйн хөгжлийн гол түлхэц болоод байгаа Тавантолгойн ордын нүүрсийг машинаар зөөж борлуулна гэдэг бүтэшгүй асуудал. Цаашлаад дэд бүтцийн асуудлыг удаан хойш тавьж алгуурласнаар олон улсын нүүрсний зах зээлийн өрсөлдөгчдөөс хожимдож, нүүрсний үнэ цэнэ алдагдах аюул бий болоод байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайлан онцгойлон:
-Өнөөдөр орон нутгийн Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс бүгд нийлээд жилд 13 сая орчим тонн нүүрс олборлож байгаа юм байна. Гэтэл ойрын хэтэд Монгол Улс Тавантолгойгоос жилдээ 60 сая хүртэлх тонн нүүрс олборлож байж өнөөх эдийн засгийн өсөлт, хөгжил бий болж, ард түмэнд амласан бүхэн биелэх учиртай. Энэ их нүүрсийг автомашинаар, авто замаар эсвэл тэмээгээр зөөж борлуулах гээгүй л бол дэд бүтэц, төмөр замын асуудлыг нэн яаравчлахгүй бол болохгүй болжээ. Тавантолгойн орд нийт 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гээд байгаа. Жилд 60 сая тонн нүүрс олборлолоо гэж бодоход 100 жил ашиглаж болох их нөөц. Харамсалтай нь одоо ердөө 10-20 жилийн дараа гэхэд нүүрс дэлхий дээр ашиглагдах уу, нүүрсний эрэлт энэ хэвээр байх уу гэдэг эргэлзээтэй болсон. Нүүрсний зах зээл 100, 100 жил байсаар байх мэт бодож, алгуурлахаа одоо болих хэрэгтэй байна. Төр өөрөө хурдавчлахаас гадна хувийн хэвшил дэд бүтцээ өөрсдөө шийдье гэж байгаа бол бололцоотой бүх талаар дэмжээд, тодорхой хугацааны дараа өөртөө шилжүүлж авах хэрэгтэй. Энэ тал дээр яамны удирдлагууд болон гишүүд нам, эвсэл гэж туйлшралгүйгээр ажил хэрэгч хандаж, хурдан шуурхай, бодитой хандаж эхэлнэ гэж найдаж байна. Дэлхий дээр ганц Тавантолгой гэлтгүй коксжих нүүрсний баялаг нөөцтэй ордууд олон байна. Ялангуяа урд, хойд 2 хөрш маань нүүрсний арвин их нөөцтэй. Өвөр Монголд коксжих нүүрсний ямар их баялаг ордууд нээгдэж байгааг та бүхэн мэднэ. Зөвхөн ОХУ-ын Элга орд газраас оросууд өөрсдөө төмөр зам тавилаа гэхэд л манай нүүрсний өрсөлдөх чадвар яаж буурах нь тодорхой. Тавантолгойгоос урагшаа ба хойшоо буюу 1 ба 2-р ээлжийн төмөр замыг зэрэг эхлүүлэхээр болсон гэж ойлгосон, одоо үүнийгээ хурдавчлуул гэдгийг л хэлмээр байна.  Дэд бүтцийн асуудал, олборлолтын хэмжээ, хүчин чадал хэр байхаас Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны үнэ ханш, цаашдын өсөлт ч шууд хамааралтай байх болно гэдгийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт мөн онцолж байлаа:
Жил бүрийн нүүрсний олборлолт, борлуулалтын хэмжээ хэр байхаас компанийн хувьцааны үнэлгээ, ханш шууд хамааралтай. Өнөөдөр Энержи Ресурс ХХК дэд бүтцээ маш сайн шийдсэн, дээрээс нь төмөр замаа барьж эхлэх гэж байгаа гэсэн хүлээлттэйгээр олон улсын биржид гарсан учраас IPO маш амжилттай байж чадсан, хувьцааны үнэлгээ ч өндөр байсан. Эрдэнэс Тавантолгойн IPO-г сайн байлгахын тулд төмөр зам үнэхээр чухал байгаа.
Тавантолгойн бүсэд ажиллахдаа нөхцөл байдлыг илүү өргөн хүрээнд, бодитой харж, ажиглаж, ойлгохыг зорьсон гэдгээ ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Ер нь байгалийн баялгаа зөв зүйтэй ашиглаж, зөв цаг үед нь дэлхийн зах зээлд амжиж хүргэн, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд бодит ажил хэрэг, төмөр замын дэд бүтцийн яаралтай, ухаалаг шийдэл дутаж байгаа гэдэг нь айлчлалын явцад тодорхой харагдаж байлаа.
Мөн өдөртөө Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзаж, нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн. Нутгийн иргэдийн зүгээс голчлон ярьж байсан тоосжилт, бэлчээрийн тухай асуудал ч гэсэн өнөөх л дэд бүтэц, төмөр замын асуудал шийдэгдээгүйгээс улбаатай байгааг Ерөнхийлөгч онцлон хэлсэн. Мөн Өмнөговийн баялаг зөвхөн өмнийн говийнхонд хамаатай мэтээр ярьж, хэлдэг явцуу ойлголтоос салж, байгалийн баялгаа Монгол Улсын нийт ард иргэдэд хүртээх тухай ярих цаг ирснийг хэлж байсан. Ерөнхийлөгчийн айлчлал 1-р сарын 20, 21-ний өдрүүдэд Ханбогд суман дахь Оюутолгойн төсөл болон Даланзадгад суманд тус тус үргэлжиллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш