logo
Р.Раш гишүүний оносон үгэнд баярлалаа

Р.Раш гишүүний оносон үгэнд баярлалаа

2012/01/23
Хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан АН-ын сайдуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан нэлээд халуухан болсон юм. Энэ хуралдаан дээр УИХ-ын гишүүн Р.Раш төрийн туршлагатай түшээ, хал үзэж халуун чулуу долоосон хашир хүний хувьд тун зангарагтай үг хэлснийг гишүүдийн зарим нь тун сэтгэл ханамжтай хүлээн авч байгаа нь харагдсан.
Эрхэм гишүүн хуралдаанд оролцож байсан Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдод хандаж “Засгийн газрын зургаан гишүүн чөлөөлөгдөх асуудлаа тавиад долоо хонож байхад та дөнгөж өчигдөр Их Хуралд хандсан байна. Энэ чинь төрийн ажил цалгардахад хүргэж байгаа юм биш үү. Юмны үнэ өсч, олон нийт дургүйцэж, гадаа юм юм бол л болж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч янз бүрийн юм яригдаж байна. Өнөөдөр жагсаал цуглаан хүртэл болох юм гэнэлээ. Ер нь Засгийн газрын эцсийн хариуцлагыг хэн нэг нь биш Ерөнхий сайд та өөрөө хариуцах ёстой гэж би мунхаглаж байна. Энэ талаар яагаад удаад байгаа юм бэ. Явсан, суусан нь хоёр эртхэн ялгарсан нь дээр юм биш үү” хэмээн хатуухан үг хэлээд авсан.
       Бас “2008 онд нэг нам нь улс эх орны язгуур эрх ашгийн үүднээс хамтарч засгаа баръя  гэхэд нөгөөх нь гуяа алгадаад зөвшөөрсөн. Тэгээд л хамтарсан. Гэтэл ер нь болдоггүй юм гэдэг болдоггүй л юм байна. Хичнээн наагаад ч, хадаад ч салаа замаар явах ёстой юм бол салаа замаараа явах ёстой юм байна” хэмээн тун оносон үг хэлж байлаа.
       Өнөөдөр манай эрх мэдэлтэн, албан тушаалтнууд хуулиас дээгүүр харайж жүжиглэн популизм хийж тоглоод байдгаа болих хэрэгтэйг эрхэм гишүүн энэ үеэр сануулаад авсан. Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулиар төрийн өндөрлөгүүдийн эрх мэдэл, тоглоомын дүрмийг зааглаж өгсөн байдаг. Гэтэл зарим нэг нь тэр зааг хязгаарыг давах гэж оролдох болсныг Р.Раш гишүүн  хатуухан шүүмжилж байсан юм. Тэрбээр “Саяхан бид Үндсэн хуулийн 20 жилийн ойг сайхан тэмдэглэлээ. Би УИХ-ын дарга нөхөр Д.Дэмбэрэлийг зулгуйдаж ярьж байгаа юм биш, тэр утга төгөлдөр үг хэлсэн. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай хэлсэн үгийг ч бас сонсож байлаа. Үнэхээр тийм байжээ гэж толгой руу торх хийхээр юмнуудыг ярьж байсан. Ингэж бид хуулиа судалж, хуулиа дээдэлж, хуулийнхаа хүрээнд явах учиртай гэж бодож байна” хэмээн төрийн түшээгийн ухаанаар олж харсан үгээ хэлж байсан нь манай бусад гишүүд, төр түшилцэж буй эрхмүүдэд санаа авууштай санагдаж байсныг хэлэх гэж ийн оролдсон юм.
       Ийм оносон үг хэлсэнд нь эрхэм гишүүнд үнэхээр талархалтай байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн
VII хорооны иргэн М.Мөнхбадрах

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш