logo
Цагаан cap

Цагаан cap

2012/01/25
Монголчууд билгийн улирлын тооллоор хуучин, шинэ он халалцах шинийн нэгний өдөр нийтээр тогтсон сайхан зан үйл үйлдэж, өргөн дэлгэр баяр ёслол хийдэг уламжлалтай. Энэ нь монгол хүн хатуу ширүүн өвлийг эсэн мэнд давж, урин цагийн түрүүч хавартай золгосны баяр, нэг нас нэмсний баяр, шинэ он гарсны гурван давхар баяр юм. Цагаан cap гэдэг нэр нь монголчууд эрт үеэс цагаан өнгийг хамгийн ариун сайхан, аз жаргалын бэлгэдэл болгон үзсээр ирсэнтэй холбоотой.

Түүхэн баримт, эрдэмтдийн судалгаанаас үзэхэд монголчууд эрт үед цагаан сарыг эдүгээгийнх шиг өвлийн сүүлч, хаврын эхээр биш харин цагаан идээ элбэг намрын сард тэмдэглэдэг байжээ. Энэ уламжлал одоо ч зарим монгол хэлтний дунд, тухайлбал, Халимагт зул сарын баяр гэж ёслол үйлддэг. Харин түүхэн явцдаа монголчууд мал төллөж эхлэн идээний дээж амсах үеэр цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсон билээ.

Уламжлал ёсоор цагаан сарын баярыг тэмдэглэхийн бэлтгэл болгон өвлийн сүүл сарын хорин есний өдөр айл бүр хир тоосоо арилган гэрээ цэвэрлэж бэлтгэдэг. Энэ нь шинэ оныг ямар ч муу муухай зүйлгүй угтахын бэлгэдэл болдог.

Ингээд битүүний өдөр хэмээн нэрлэгдэх сарын сүүл буюу 30-ны өдөр ёслолын зууш болох хонины ууц болон бусад махыг чанаж, уламжлалт хэв загвараар бэлтгэн хийсэн ул боовыг олноор давхарлан тавагт өрж, чихэр жимс, амттанаар ширээгээ чимэглэн, мөн айраг цагаа тэргүүтнийг сөгнөж, тарган эр хонины чанасан ууцаа тогтсон дэгийн дагуу цар тавганд тавьдаг юм.

Ууц гэдэг бол хонины нурууг сүвээний хоёр хавирга, сүүлийн хамт үргэлжид нь тусгайлан авч бэлтгэснийг хэлэх бөгөөд ёслолын махыг том цар тавагт тавихдаа амьддаа ямар байдгаар нь эрэмбэлж урд дор нь өвчүү, хүзүү, сээр хоёр хааг нь, хойд дор нь хоёр гуя шаантыг нь урагш харуулан мөчнүүдийг яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан дээрээс нь ууцаараа бүтээдэг. Их ёсны ууц гэдэг нь өмнө дурдсан дээр толгой, шийрийг хуйхлан чанаж тавьсныг хэлнэ. Тэгэхдээ битүү толгойн чихний уг болон эврийн угийг өрөм буюу шар тосоор чимэн толгойг хошуу, шийрийг шилбэ талаар нь ууцны харцага тал руу харуулан зүүн гарт нь толгой, баруун гарт нь шийрийг тавьдаг. Ингээд ууцны толгой талыг гэрийн хоймор зүг хандуулан тавих бөгөөд зочин хүнд мөн энэ талаар нь хандуулан өгнө. Их ёсны болон ерийн ууцыг цагаан cap, шинэ гэрийн болон насны ойн найранд тавьдаг.

Битүүлгийн ёслолын идээ цай бэлэн болгоод нар шингэх үеэс айл бүр хувь хувьдаа битүү гаргах буюу битүүлэг гэдэг өвөрмөц ёс гүйцэтгэнэ. Ингэхдээ өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгонд мөс, зүүн тотгонд өргөстэй харгана тавиад (гэрт муу юм оруулахгүй гэсэн утгатай) гэртээ орж шаант чөмөгний мах идэж, ясыг сайн мөлжөөд "Битүү гаргах уу" гэж асуухад гэрт буй бүх хүн "Битүү гаргая, гаргая" гэж хариулна.

Ингээд чөмгийг ташиж (нэг л удаа заавал хугалахаар цохин чөмгийг гаргадаг) "Битүү гарлаа" гэсний дараа хоорондоо насны эрэмбээр "Тавтай битүүлж байна уу" хэмээн мэндэлцгээнэ. Дараа нь өрхийн тэргүүлэгч, эсвэл ахмад настан ууц таллан идээний дээж амсан хишиг түгээж, гэрийнхэн бүгдээр хоол, цай идэж уун ёслол үйлддэг.

Ууцыг таллахдаа уламжлалт журмын дагуу гүйцэтгэх ба гал голомтын хувийг тусгайлан авч тавина. Ууцаа хөндөж гүйцсэний дараа ууцны хоёр талаас ээлжлэн таллаж өөрийн хувь болгон амсана. Дараа нь түрүүчийн адил ууцныхаа хоёр талаас нижгээд таллан авч гэрийн эзэн болон түүний удаах хүнд "ууцны тал буюу хишиг" хэмээн хэлж бүтэн бүтнээр нь хоёр гараараа сунган барьж өгнө. Түүнийг нөгөө хүн мөн гараа сунган хүндэтгэлтэйгээр хүлээн авна. Ингээд ууцныхаа хоёр талаас ээлжлэн адил тоотой таллаж аваад жижиг хэсэг болгон тавагт хийж битүүлэгт оролцож байгаа бүх хүмүүст дамжуулан хүртээж амсуулна.

Ингэж гэр дотроо битүүлж ёсолсны дараа айл саахалтынхан харилцан зочилж, "Сайхан битүүлж байна уу?" хэмээн асуулцаж баяр хөөрөө хуваалцан хуучин оныг мэнд аз хийморьтой үдэж буй энэ ёслолыг тэмдэглэдэг учиртай. Энэ бүхэн нь малынхаа тэр жилийн ашиг шимийн дээжээр зочноо дайлж буй утгатай.

Маргааш нь шинийн нэгний өглөө гоё хувцсаа өмсөцгөөн хот айлын хамгийн өндөр настныд цугларан насныхаа эрэмбэ дараагаар амар мэндийн ёсыг гүйцэтгэнэ. Тэгэхдээ хүн бүр малгай өмсөн ариун цагаан хадаг дэлгэн барьж, хоёр гарын алгыг дээш харуулан ахмад настныхаа тохойн дороос түшин "амар сайн уу" хэмээн золгоход ахмад нь "Урт настай, удаан жаргалтай яваарай" гэж бэлэгтэй үг хариуд нь хэлж золгодог. Насаар дүү хүн ахмадынхаа тохойг дороос нь барьж золгодог нь хүнд үед түүнийг хэзээд түшиж тулна гэсэн утгатай.

Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш