logo
Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түрийвчээ ч би итгэж бариулахгүй

Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түрийвчээ ч би итгэж бариулахгүй

2012/01/26

Түүх ингэж эхэлсэн:

Аль 2006 оноос Хонгор сумын сумын засаг дарга Б. Батнарангийн “Мичид” компани тус сумын нутаг дэвсгэр дээр байрлах үйлдвэрийн хуучин байранд алт угааж эхэлжээ. Ингэхдээ мөнгөн усаар барьцалдуулж, алтныхаа 30 орчим хувийг ялгасан байна. Харин 2007 оны 2-р сараас эхлэн  цианид натри ашиглан үлдсэн алтыг нь ялгаж авчээ. Б. Батнаран мөнгөн ус, цианидтай холигдсон  элсийг барилгын сайн материал хэмээн зарж байсныг  сургууль, хувь хүмүүс байшин барилгаа шавах, сургуулийн шаланд дэвсэх зэргээр ашиглаж байв. Алтыг нь угаасан овоолсон элс шороог хучиж битүүмжлээгүй тулд байсан тул тэр нь хаврын хавсарганд туугдаж, Хонгор сумын нутгаар нэг  таржээ.

“Мичид” компанийхан алт угаасан мөнгөн ус, цианид натритай усаа бохирын шугам руу хийж байв. Удалгүй бохирын байгууламж хальж, хажууд нь 560 шоо метр талбай бүхий бохир устай цөөрөм үүсчээ. Гэтэл 2007 оны 4 сарын 23-нд тус цөөрмөөс ундалсан 3 үхэр, 1 хонь үхсэн байсныг задалж үзэхэд дотроос нь мөнгөн ус илэрснээр хэрэг мандсан түүхтэй. 

Хэрэг явдал хэрхэн өрнөв:

Тус суманд хамгийн түрүүнд дуудлагаар очсон хүн бол Хордлогын Төвийн зөвлөх эмч, анагаахын шинжлэх  ухааны доктор,  дэд профессор , хордлого судлаач их эмч С.Юндэн байжээ. Тэрбээр 2007 оны 4 сарын 30-нд очиж үзлэг хийгээд Хонгорынхон химийн хоронд хордсон гэдэг дүгнэлт гаргав (1). Түүний онош 4-р сарын 25-нд болон хойно хийгдсэн усны шинжилгээ, болон бусад шинжилгээгээр батлагдсан аж.

С. Юндэн эмч Улаанбаатарт эргэж ирээд яаралтай арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад сануулж байжээ. Харин өнгөн дээрээ зөвшөөрч уулга алдаж байсан сайд гуай Хонгор явахдаа баахан арьс өнгөний эмч нарыг аваад явсан (1) цагаас байдал огт өөрөөр эргэв.

Хэрэг явдал гарснаас хоёр сарын дараа буюу 2007 оны 6 сарын 23 –7 сарын 4-ний Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Байгаль орчны хөтөлбөр, Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах байгууллагын  шугамаар Алайн Паш гэгч шинжээч Хонгор суманд ирж ажиллажээ. Тэрбээр 2007 онд Швейцарт хэвлэгдсэн (2) ажлын тайландаа   “Хонгор сумын газрын хөрс, хаягдал элс шороо, цөөрмийн ус, худгийн ус, ус хангамжийн хоолой зэргээс дээж авч шинжлэхэд мөнгөн ус, цианид өндөр хэмжээгээр илэрсэн. Тухайлбал, ундны усан дахь цианидын агууламж улсын стандартаас 13-65 дахин (МН Стандарт 0900-1992), бохир усанд 2.6-3700 дахин их байсан (МН Стандарт 4943-2000)” гэж бичжээ.

НҮБ-ын шинжээч нийтдээ 44790 квадрат метр газрын хөрс, ундны болон гүний ус, мөн бохир цэвэрлэх байгууламж  химийн бодисонд бохирдсон гээд 1427 хүнд эмнэлгийн үзлэг хийснээс 5 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 612 хүнд эмчилгээ хийсэн, 30 хүнд хүндэвтэр зэргийн хордлого илэрсэн (2-3 шинж тэмдэг), 196 хүнд хөнгөн хэлбэрийн хордлогын шинж тэмдэг илэрсэн (1 шинж тэмдэг) гэж тэмдэглэжээ.

Тухайн үед Дархан-уул аймгийн засаг даргын алба хашиж байсан Д. Хаянхярваа Эрүүл Мэндийн дэд сайд Д. Туяад явуулсан албан бичигтээ “2007 оны 7 сарын 9-ний байдлаар агаарт буй мөнгөн усны хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.8-90.7 дахин их байна гэж бичээд, дурын 15 хүнд мөнгөн усны шинжилгээнд хамруулахад гурвынх нь шинжилгээнд мөнгөн ус илэрсэн” (3) гэж бичиж байсан нь гадны шинжээчийн тайлантай дүйцэж буйг анхаарна уу.

НҮБ-ын шинжээчийг Хонгор суманд ажиллаж байхaд Онцгой байдлынхан хорыг саармагжуулах арга хэмжээ авчээ. Ингэхдээ полисульфид болон метабисульфидын уусмал ашигласан байна. Тухайлбал, 560 квадрат метр талбай бүхий бохирын цөөрөм рүү полисульфидын уусмал (NaS) хийснээр мөнгөн ус саармагжсан гэж үзээд ус нь аажимдаа ширгэнэ гэж орхижээ. Харин 18.5 тонн цианид натрийн шингэн байсныг метасульфидын натри хольж , хоргүйжүүлсэнд тооцоод   уусмалыг хөдөө аваачиж асгажээ (2).

Алт ялгаж байсан 1192 тонн элс шороог ачиж Бороо Голдын уурхай руу ачуулаад, шороо хадгалагдаж байсан газрыг нь уусмалaap шүршиж ариутгажээ. Түүнчлэн бохирын байгууламжаа ч уусмалаар хоргүйжүүлсэн байна. Харин орон гэрээ барихад хортой элс ашигласан айл, сургуулийн барилгыг хэрхэн хоргүйжүүлсэн тухай, мөн гүний болон худгийн ус, Хонгор сумын газрын хөрсийг хоргүйжүүлэх талаар ямар арга хэмжээ авсан талаар НҮБ-ын шинжээч дурьдсангүй (2).

Тэрбээр тайландaa БОЯ-ныхан болон Онцгой Байдлын Газрын мэргэжилтнүүд  химийн бодистой ажиллаж үзээгүй, энэ талаар мэдлэг мэдээлэл, бэлтгэл хангалтгүй төдийгүй   хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүй байсныг тэмдэглэжээ. Жишээ нь  химийн хорыг саармагжуулах, цэвэрлэх ажиллагаа явуулж байсан хүмүүст тусгай өмсгөл, резинэн бээлий, баг, хамгаалалтын нүдний шил огт байcангүй (2).

Энэ нь Монгол улс анх удаагаа химийн гамшигтай учирч буйгаар тайлбарлаж болох юм. Xачирхалтай нь гамшгийн бэлтгэл тааруу гэдгээ мэдсээр атал гадны шинжээчдийг (НҮБ-ын Байгаль Орчны хөтөлбөрийн шинжээчийг) оролцуулах шийдвэрийг бүр 6 сард буюу хэрэг явдлаас хойш бараг 2 сарын дараа гаргасан байна (2).

Харин мэргэжлийн багийнхан буюу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), НҮБ-ын шинжээчид болон Эрүүл Мэндийн яамныхны хамтарсан баг дөнгөж 2008 оны 3 сард Хонгор суманд очиж ажилласнаас үзэхэд (4) хэрэг явдлыг үнэхээр судлах гэсэн үү эсвэл нуун дарагдуулах гэсэн үү гэдэг асуудал эргэлзээтэй юм. Cонирхолтой нь тус багийнхан газар дээр нь судалж үзээд хүнцэл, мөнгөн устай ус ууж, мах,ногоо идэж амьдарч буй Хонгор сумынхан огт хордоогүй, харин сумаараа хамуурсан гэдэг дүгнэлтэд хүрчээ.

 

Өнөөдрийн байдал:

Ингээд Засгийн Газраас хоргүйжүүлэх арга хэмжээ аваад, “Мичид” компанийнхныг баривчлаад (гэх боловч 2 хужааг нь цагдаагийхан оргуулсан, харин Д. Батнаран ял завшсан  төдийгүй нэр төрөө сэргээлгэхээр шүүхээр яваа гэж дуулдах), Ерөнхий сайд С. Баяр уучлал гуйснаар(“Хонгор хордсон уу хордсон. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн”сумын иргэдтэй уулзахдаа С. Баярын хэлсэн үг) Хонгор сумынхан хуучин амьдралдаа эргэж орсонд тооцсон.

Ус, хөрс, агаарт нь хүнцэл, мөнгөн ус зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн арав, зуу дахин их,  мал сүрэг нь үхэж, бор шувуу хүртэл үхэтхийн унасаар байхад (2, 4) “хүний эрүүл мэндэд хорт нөлөө алга“  гэж ДЭМБ, Эрүүл Мэндийн яамныхны хамтарсан багийнхан дүгнэсэн. Ингээд Хонгорчуудын горьдлого тасарчээ. Үнэндээ  xичнээн айл гэр эрүүл мэнд, эдийн засгаарaa хохирч, хичнээн эх, ураг, нялхас эндэснийг тооцох хүнгүй болжээ.  Эрх баригчид болон тэднийг даган баясагчид Хонгорын оршин суугчдын өвчин эмгэгийг хамуу, тэмбүү, “зөнөгийн маажуур”, архаг үе мөчний өвчин гэх мэтчилэн оношилж, зовлон шаналлаар нь тавласаар өнөөдөртэй золгосон (3)

Малын гажиг төрөлт, өвчлөл, эндэгдлийн талаар бүр ч ярилтгүй. “Огт тийм юм байхгүй” гэж эрх баригчид зүтгэсээр. Гэвч Хонгор сумынхан нэг л өдөр бүгд хамуурч, тэнэгэрч, гахай малаа ч хооллож  тэжээхээ больж, харангадуулах болсон гэдэг үлгэрт хэн итгэх билээ? (6)

Эрх баригчид  “Хонгор сумын ганц ч иргэн хордлогогүй” (6), хордоогүй хэмээн гэдийсээр байх ч үнэндээ тус сумын засаг дарга, бусад түшмэдүүд сумандаа биш Дарханд амьдардаг болж, Хонгорын ус унднаас амсахаа ч больсонд нэг учир байгаа (3,8).

Өвчинд нэрвэгдсэн Хонгорчуудад төстэй шинж тэмдэг илэрч байгаа төдийгүй бороо орсны дараа өвчин сэдэрдэг гэх мэтчилэнгээр хорт бодис агаарт ууршиж, хүн олныг хордуулсаар байгааг заасан олон тэмдэг байвч эрх баригчид огтхон ч тоохгүй нь гачлантай (6). Үнэндээ хорыг саармагжуулах ажиллагаа амжилттай болоогүй, тус тосгонд химийн хор ус, хөрсөнд, гүний усанд шингэсэн хэвээр байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс, хариуцлага хүлээхээс  үхтлээ айцгаана. Бодит үнэнийг хэлсэн хүнд өширхөж, ажил албанаас нь халж (1), хордсон Хонгорчуудыг намын харьяалал, төрөл саднаар нь бутлан хагаргаж, талцуулж турхирна.

Энд хордсон Хонгор сумынхны өвчний шинж тэмдгийн тухай дахин бичиж нуршихыг хүссэнгүй. Гадны эх сурвалжуудаас үзэхэд мөнгөн усаар хүнийг зориудаар хордуулж судалж байгаагүй тул судалгааны материал харьцангүй цөөн. Гэвч байгаа эх сурвалжуудад мөнгөн усны архаг хордлогын шинж тэмдгийг дараахь байдлаар илэрдэг гэж бичсэн нь Хонгорынхонд илрээд буй өвчний шинж тэмдэгтэй яг таг дүйж байна.

Цочмог ууртай цухалдуу, сэтгэл санаа тогтворгүй болох, сэтгэлээр унах, өөрт итгэлгүй болох, ой санамжаа алдах, сэтгэл санаагаа төвлөрүүлэх чадваргүй болох, нойр ихээр хүрэх эсвэл нойргүйтэх, гар, хөлийн хуруу, уруул мэдээ алдах, ирвэгнэх, гар , хөл, уруул, зовхи, хэл ам салгалах, чичрэх, нүүрний булчин татах, биеийн тэнцвэр муудах, буйлнаас цус гарах, шуд сулрах, шүлс ихээр ялгарах, амнаас эвгүй үнэр үнэртэх, аманд  төмөр амтагдах, ам хорсох, аман дотор шарх гарах, хэл, хоолойд яр шарх гарах, чих шуугих, сонсгол муудах, хэл яриа ээдрэх, хараа муудах, юм давхар харагдах, хоол хүнсэнд, нэн ялангуяа өндөг сүүнд мэдрэмтгий болох, гэдэс дотор өвдөх, гүйлгэх, өтгөн хатах, цээж хорсох, ходоод шархлах, хоол шингэхгүй байх, зүрхний хэм алдагдах, цусан дахь холестерол нэмэгдэх, зүрхний шигдээс тусах, даралт хэт өндөр/нам байх, дархлаа муудсаны улмаас вирус, бактер, мөөгөнцөрийн халдвараар өвчлөмтгий болох, хорт хавдар тусах, үе мөчний, бамбай булчирхайн мэтийн өвчинд нэрвэгдэх, толгой өвдөх, элдэв харшил хөдлөх, арьсны харшил, арьсан дээгүүр экзем, тууралт гарах, загатнах, арьс ширүүн болох, идээтэй зүйл туурах,  гар хөл хөрөх, хэт хөлрөх, цус багадах, бие эртхтэн мэдээ алдах, бөөр чулуужих, бөөрний үрэвсэл, бие сульдах, хоолны дуршил буурч, жин хасах,  түүнчлэн жирэмсэн эхчүүдэд ургийн гажиг, зулбалт зэргээр илэрч, хүүхдийн оюун ухааны хөгжил нөлөөлдөг (9).

Түүнчлэн, мөнгөн усыг  дотуур хэрэглэсэн тохиолдолд гэдэс дотрыг гэмтээж, яр шарх үүсгэдэг тухай АНУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн Халамжийн үйлчилгээны Департаментаас гаргасан “Мөнгөн усны хор хөнөөл” гэдэг 700-аад хуудастай баримт бичгийн 108-109 хуудсанд дурьджээ (10).

Харин Хойт Калифорнийн Их сургуулийн сайт дээрх цианид натритай ажиллах ажлын горимын санамж бичигт цианид натри гэгч нь асар хортой, “идэмхий” бодис тул амьгалахад  амьсгалын замыг гэмтээж, толгой өвдөх, дотор эвгүйрэх, бөөлжих төдийгүй зүрхний зохилт тасалдах, ухаан алдах, татах, гээд амь насанд ч хүрч болзошгүй аюултай хэмээн сануулжээ. Цианид натрийг хоол хүнсэнд хэрэглэвэл хүний гэдэс дотрыг гэмтээж, дотроос нь   “иддэг”. Ингэхдээ маш ихээр хорсч өвддөг ба их тунгаар хүртвэл ухаан алдаж, нэн даруйдаа амиа алдана.  Цианид натрийд урт хугацааны туршид давтан хордвол арьсан дээр юм тууралт, хамар дотор шарх гарна гэсэн байна (11).

 

Орчин үеийн өрнөл:

Хонгорын хордуулсан хэрэгтнүүдийн нэг гэгдэгч Д. Хаянхярвааг “Мичид” компанитай холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Ямартаа ч тэрбээр Хонгорчуудыг аргалж байгаад УИХ-д дэвшиж чадсан. Харин сүүлийн үед Д. Хаянхярваа гишүүн сайдын суудалд санаархах болсноор Хонгорын асуудал дахин сөхөгдcөн (6). Эгэл жирийн иргэдийн гомдолтой зэрэгцээд Д. Хаянхярваагийн захиалгат нийтлэлүүд ч гарч эхэллээ. “Хонгор сумынхан хордоогүй”, “зүлгэн дээр гэрээ бариад зүгээр амьдармаар байхад зарим хүмүүс улс төржүүлээд байна” гэх мэт үгтэй тэдгээр нийтлэлүүдийг ялгаж танихад төвөггүй.

Хэдхэн хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа Сангийн сайдын сэнтий горилогч Д. Хаянхярваа Хонгорынхныг дахин тавлаж, “Ингээд улс төржөөд байвал та нарын балга сүү, жаахан ногоог хүн худалдаж авахгүй. Цайны газар ажиллуулаад зам зуурын хэдэн хүнд хоол унд өгөх гэхэд хүн орохгүй. Овоо боломжийн ургаж байгаа тариа ногоог нь хүн авахаа больчихно шүү” гэж Хонгорынхныг  тохуурхажээ (7).  Бодвол өөрсдөө чимээгүйхэн шиг хордоод, дээрээс нь хортой ногоо, мах, сүүгээ Дарханыханд өг гэж caнyyлж буй бололтой.

Аймгийн засаг дарга байхдаа бүхэл бүтэн сумын оршин суугчдыг амьдралаар нь хохироосон  Д. Хаянхярваа өнөөдөр Сангийн сайдын суудал руу мацахдаа Хонгорынхныг Дарханчуудтай нь золиослохоос ч сийхгүй болжээ.

Монголчууд бид хэдий болтол мэдээгүй царайлж, ичгүүр сонжуураа алдсан, увайгүй явдалтай хувалзнуудаар төрийн эрхээ бариулсаар байх вэ? Бусдын хэрэг надад хамаагүй гэж бэртэгчин царайлавч өчигдөр Хонгорынхны, өнөөдөр Дарханчуудын, харин маргааш та бидний ээлж ирнэ гэдгийг ухаараач?!

Цианид, мөнгөн усанд хордсон нутаг, 2008 оны байдлаар

 

Эмчийн тангарагтаа үнэнч байж, хэлмэгдсэн Хонгорчуудад тусласных нь хариуд С. Юндэн эмчийг элдвээр дарамтлаж, нэр усаа нуусан хүмүүс утсаар заналхийлэх нь энүүхэнд болсон аж (1). Гэвч  “Надад эдийн засаг, улс төрийн ямар ч эрх ашиг байхгүй учир би үнэнийг л хэлнэ, хэлсээр ч байх болно” гэж өнгө мөнгөнд урваж шарвалгүй, шударга үнэний төлөө тууштай зогссоор буй тэр үл таних тэр эмчээр би бахархаж байна. Өнөөдөр би ч бас түүнд нэгдэж, маргаашийн төлөө дуу хоолойгоо өргөж байна.

Эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө бусдын амь насыг хөнөөхөөс ч үл буцах орчин үеийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түрийвчээ ч би итгэж бариулахгүй!

Улс төрч биш Амарлин
http://golomt.org

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш