logo
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалт боллоо

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалт боллоо

2024/08/26

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалт энэ сарын 22, 23-ны өдөр боллоо.

Сургалтад нийслэл, 21 аймгийн сонгуулийн хорооны дарга, гишүүд оролцож сонгуулийн хууль тогтоомж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, сонгогдогч, сонгогчийн эрхийг хангах, ил тод нээлттэй ажиллах талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж авсан юм.

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан-www.e-election.mn цахим системээр сонгуулийн хороодын ажилтнууд, сонгуульд оролцогчдын бүртгэл хийх болон мэдээллийн цахим сан үүсгэх, сонгогчдыг мэдээллээр хангах талаар арга зүйн зөвлөмжийг “Интерактив” ХХК-ийн Нэвтрүүлэлтийн албаны дарга Э.Ундрал өгөв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалт, холбогдох хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт,  сонгуулийн байгууллагын эрх үүрэг, нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх эсэх шийдвэр гаргах зэрэг мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид өгч, оролцогчдын асуултад хариуллаа.

Санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгох эрхийг хангахаар бэлтгэх, тэдэнтэй харилцах арга зүйн талаар “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны тэргүүн Б.Чулуундолгор зөвлөмж, мэдээлэл өглөө. Түүнчлэн нэр дэвшигчээс ХОМ гаргуулах талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр зааварчилгаа өгч, Хүний эрхийн үндэсний комиссын албан дарга С.Тунгалагтамир Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар хийсэн  мониторингийн дүнг танилцуулсан.

Сонгогчдыг мэдээллээр хангах, нээлттэй ил тод ажиллах талаар “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа арга зүйн зөвлөмж өгсөн юм.

Сургалтад оролцсон аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын 53 албан хаагч санал, хүсэлт гаргалаа. Тухайлбал, байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодын гишүүдийг гадаад улсуудын сонгуулиас туршлага судлах боломжоор хангах санал гаргасан юм.

Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороодын гишүүд болон мэдээллийн технологийн багийн гишүүд, даамлуудад зориулсан сургалт энэ сарын 26-аас орон нутагт болон цахим хэлбэрээр үргэлжлэхийг мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш