logo
“Органик бүтээгдэхүүний дэлгүүр” шинээр нээгдлээ

“Органик бүтээгдэхүүний дэлгүүр” шинээр нээгдлээ

2024/08/26

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Органик, баяжуулсан, зохицуулах үйлчлэлтэй, инновац нэвтрүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ”, “Хүнсний аюулгүй байдлыг хангаж, хөдөө орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний сүлжээг бий болгоно”, “Хөдөө орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний бүтээгдэхүүний Монгол брэндийн худалдааны сүлжээг өргөтгөнө” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн.

Монгол Улсын хувьд Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжлийн эхэн үе бүрэлдэж байна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогын асуудал нь улс орон бүрийн хувьд ач холбогдолтой байдаг. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024.01.17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Органик бүтээгдэхүүний тухай хууль”-ийг хэлэлцэн баталснаар Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “АДРА Монгол” байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төслөөс органик үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэл, маркетинг, хамтын баталгаажуулалт, борлуулалтын үр ашигтай нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлснээр нэмүү өртөг шингэсэн органик бүтээгдэхүүн, болон бусад орон нутгийн бүтээгдэхүүнийг зах зээлд хамтран үр ашигтайгаар борлуулах боломж бүрдэж байна.

Дээрх ажлын үр дүнд бага талбайд органик газар тариалан эрхэлж буй ногоочид болон зөгийчдийн баталгаажсан Органик бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд шууд хүргэх, худалдан авах боломжийг бүрдүүлж “Органик бүтээгдэхүүний дэлгүүр”-ийг Алтай хотхонд нээн ажиллуулж эхэллээ. Энэхүү ажил цааш үргэлжлэн Нарны хороолол, Тэнгэр плаза худалдааны төвд Органик бүтээгдэхүүн худалдан борлуулах шинэ цэгүүдийг нээхээр бэлтгэл ханган, ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш