logo
С.Батболд: Улс төрөөр толхилцох эрх байхгүй

С.Батболд: Улс төрөөр толхилцох эрх байхгүй

2012/01/27
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МАН-ын удирдах зөвлөл болон УИХ дах МАН-ын бүлэг хамтран хуралдаж, үүссэн нөхцөл байдал, түүнээс гарах арга замын талаар хэлэлцсэн байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулинд  өөрчлөлт оруулах, өөрөөр хэлбэл тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгох тухай саналаа оруулж, бүлгийн хурлаар тус саналыг дэмжиж, зөвшилцөл эхэлжээ. 
Ингээд  Ерөнхий сайд оруулсан саналынхаа тухай сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
“Улс төрийн нөхцөл байдал сүүлийн долоо хоног орчим ээдрээтэй байна. Засгийн газрын үйл ажиллагаа  хэвийн явагдаж чадахгүй, хуралдаанаас гарах шийдвэрүүд  хүлээгдэж байна. Үүний цаана улс орны нөхцөл байдал болон цаг үеийн асуудлууд шил шилээ даран хүлээгдэж, төлөвлөсөн ажлууд ч зогсонги байдалд орлоо. Тухайлбал,  багш нарын болоод төсвийн албан хаагчдын  цалинг  ирэх хоёрдугаар сарын нэгнээс нэмэгдүүлэх тухай асуудал шийдлээ олж байх ёстой.
Үнийн хөөрөгдлөөс үүдсэн иргэдийн нуруун дээр ирж буй дарамт, үүн дээр Засгийн газрын зүгээс авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зохицуулалтын асуудлууд  шийдлээ хүлээж байна.  Орон нутагт ч бас цаг үеийн шийдэх ёстой асуудлууд гарч байна. Бид хэдийгээр олонхийн  суудалтай нам ч гэсэн, Ерөнхий сайдын хуулиар олгогдсон  бүрэн эрхийн хүрээнд  өмнөө тавьсан зорилтууд маань өөрчлөгдөөгүй. Түүнийгээ хэрэгжүүлж, хийж дуусгах ёстой. Ингэхийн тулд бүтэц бүрэлдэхүүнээ хадгалж ажиллах ёстой гэсэн энэ зарчмаа бид тууштай тавьж ирсэн.
Энэ зорилтуудаа  хэрэгжүүлэхийн тулд хуулийн хүрээнд зөвшилцлийг явуулж, УИХ дээр зургаан гишүүнээ нөхөн томилуулж бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулах  саналыг тавьсан ч улс төрийн зөвшилцлийн явцад гацаа үүслээ. Энэ гацааг цааш нь удаашруулж явах тусам улс орны болоод ард иргэдийн  амьдралд бэрхшээл хүндрэлүүд улам их гарах болно. Улс төрөөр толхилцож суух хооронд алдах зүйл их байна.
МАН-ын даргын хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд намынхаа нөхдүүдтэйгээ энэ тухай ярьж, хэлэлцсэний дүнд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгох саналыг гаргаж байна. Ингэснээр улс төрийн гацааг шуурхай гаргаж, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.  
Тэргүүн шадар сайдын энэ албан тушаал дээр манай намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх даргыг санал болгосон байсан. Төр засгийн ажил цаг алдахгүй явж байх нь улс төрийн энэ зөрчил, албан тушаал эрх мэдлээс хамаагүй чухал асуудал гэж манай намын  ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нэрээ татаж авах санал гаргаж, үүнийг МАН-ын даргын хувьд хүлээн авч, МАН-ын удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлж намын гишүүд маань дэмжлээ.
Бид ард түмнийхээ өмнө хариуцлагатай байх ёстой гэдгийг ухамсарлаж байна. Гацаанаас гарах энэ хувилбарыг дэвшүүлж байгаагаараа бид ажлын төлөө, хариуцлагаа өөрсдөд дээрээ авч байгаагийн нэг илрэл ч гэж хэлж болно. Зөвшилцлийн дагуу Монгол улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлсэн байгаа.  Энэ дагуу Засаг төрийн ажил хэвийн болно гэдэгт итгэж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш