logo
Н.Батжаргал: Ажилдаа үнэнч, гал цогтой бол аль ч салбарт амжилт гаргах боломжтой

Н.Батжаргал: Ажилдаа үнэнч, гал цогтой бол аль ч салбарт амжилт гаргах боломжтой

2012/01/30
Орчин цагийн Монголын шилдгийн шилдэг үсчин
Тэр “Матрикс”-аар овоглодог. Түүнийг улс төрчид, урлаг соёлынхон, бизнесменүүд, загварын ертөнцийнхөн, жирийн ард иргэд Баачка гэж дууддаг. Монголын номер нэг үсчин Н.Батжаргалтай ярилцлаа.
 
-Танд амжилт хүсье. “Үндэсний мэдээ” сонин, “Ихэрбилэг” агентлагаас холбогдох мэргэжлийн байгууллагууд, мэргэжил нэгтнүүд, үйлчлүүлэгчдийн дунд явуулсан судалгааны дүн таныг орчин цагийн монголын хамгийн шилдэг үсчин гэдгийг илтгэж байна?
 
-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө илэрхийлэх илэрхийллээр намайг шилдэг гэж онцолсон болов уу. Намайг ингэж онцолсон нийт үйлчлүүлэгчддээ талархлаа илэрхийлье.
 
-Өнөөдөр Бачкаг, “Matrix” салоныг мэдэхгүй хүн цөөхөн. Гэхдээ үсчин болох анхны гараанаас авахуулаад олон жил хэрхэн хөдөлмөрлөсөн нь уншигчдад сонин болов уу? 
 
-Хамгийн анх үсчин болохдоо маш их сандарч байсан. Гар хөл өөрийн эрхгүй салгалж чичрээд л... Гэхдээ анхны бэрхшээл бүрийг даван туулж чадсанаар хүн тухайн салбартаа амжилт гаргадаг юм болов уу гэж боддог. Алдаа оноо бүхнийг ухааруулсан эхлэл, анхны дурсамж бүр нандин даа. “MATRIX” салон анх байгуулагдахад бидэнд дэврүүн сэтгэл л байсан. Хүмүүсийн үсийг үнэхээр гоё болгоё, хүн болгонд тааламжтай сайхан үйлчилгээг үзүүлье гэсэн чин хүсэл эрмэлзэлтэйгээр салоноо нээж байлаа. Энэ ч утгаараа анх байгуулагдсан жилээ олонд танигдаж, “тоогдож” чадсан болов уу гэж боддог. Үйлчлүүлэгч нэг бүртээ чин сэтгэлээсээ хандсан явдал 10 жил тогтвортой оршин тогтноход нөлөөлсөн гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамтарч ажилласан бүх хүн, үйлчлүүлэгч нартаа баярлаж талархснаа илэрхийлмээр байна. Энэ жил манай хамт олон өнгөрсөн арван жилийн хугацаанд хийж бүтээснээсээ илүү ихийг амжуулахаар зорьж байгаа. Сэтгүүл хэвлэн нийтэлж, портал вэб сайт байгуулахын зэрэгцээ “Амирлан” нэртэй шампунийг монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Мөн манай хамт олон жил болгон уламжлал болгон зохион байгуулж байсан шоу тоглолтууд маань зах зээл дээр эзлэх байр суурийг бататгаж өгч байсан болов уу гэж бодогддог юм. Том ажлын ард гарчихаад амсхийж суусан мөчүүдээ бид сайн сайхнаар эргэн дурсах дуртай.
 
-Үсчин өвөрмөц мэргэжил. Аливаа хүний тэргүүнд хүрнэ гэдэг бэлгэдэл талаасаа бодсон ч нарийн учир жанцантай. Тухайн үйлчлүүлэгчид сэтгэл ханамжийн баталгааг дээд зэргээр олгож чаддаг танай салоны хамт олон болон танаар бахархахгүй байхын аргагүй. Дээр нь танд байдаг маркетингийн мэдрэмж нөлөөлсөн байх, тийм үү?
 
-Манай салон үйлчилгээний соёл, дотоод засал, маркетинг гэх мэт олон зүйлийг цогцоор нь шийдэхийг хичээж ажилладаг. Энэ хичээл зүтгэл минь эхнээсээ биеллээ олж байгааг харахад таатай байдаг. Миний бодлоор хүн авьяас чадвар гэхээсээ илүү хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь өөрт нь эргээд сайнаар нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Өөрөө ч хөдөлмөрийн үр шимийг хүртэж яваадаа баяртай байдаг. Үсчин гэдэг миний бодлоор хамгийн хэцүү мэргэжил. Яагаад гэвэл хүний дотоод сэтгэлтэй харьцах нарийн мэдрэмжийг шаарддаг. Энэ хүний гадаад төрх дотоод сэтгэлтэйгээ хэрхэн зохицож байна гэдгийг харах ур чадвар хэрэгтэй. Үс засах үйл явц тухайн үйлчлүүлэгчийг царай төрх, ажил мэргэжил, дотоод сэтгэлтэй нь нийцүүлж илэрхийлэхийн төлөөх чин эрмэлзлийн хүчээр амжилттай явагддаг. Яг ийм сэтгэлгээтэй олон сайн үсчдийн армиас манай салбар бүрддэг.
 
-Шинэ, залуу үсчдийн ур чадварын тухай таны үнэлэмж дүгнэлтийг уншигчидтайгаа хуваалцмаар санагдлаа?
 
-Үсчдийн фронт өргөжиж байна. Олон дотор сайнтай муутай зүйл бишгүй л байгаа. Тэднээс үлгэр дууриал авах зүйл ч байна. Эргээд тэдэнд үлгэр дууриал үзүүлэх зүйл ч бий. Залуу үсчдийн ур чадвар ерөнхийдөө сайжирсан гэдэгтэй санал нэгддэг. Сүүлийн үеийн залуусын тухайд зарим зүйлд шүүмжлэлтэй ханддаг. Маш хийсвэр болсон юм шиг санагддаг. Нийгэм нь ч хүнийг хийж бүтээсэн зүйлээр нь биш, өнгөц байдлаар үнэлдэг болсон юм болов уу. Энгийн жишээ гэхэд сэтгүүлүүд дээр мөнгөтэй хүнийг бичдэг, мөнгөтэй хүнийг магтдаг болсон байна. Буцаагаад энэ нь нийгэмд сөрөг хандлага бий болгож, баян хоосны ялгааг улам нэмэгдүүлээд байх шиг санагддаг. Хүмүүсийн цөхөрсөн байдлыг улам бүр сэдрээгээд байгаа юм болов уу гэж бодогддог.
 
-Таныг тэмцээн уралдаанд орохыг хүсдэггүй гэж сонссон санагдана. Хүмүүс эсрэгээрээ тэмцээн уралдаанд оролцох эрмэлзэлтэй байдаг. Та яагаад тэмцээнд ордоггүй юм бэ?
 
-Би аливааг арай өөр өнцгөөс хардаг. Миний бодлоор тэмцээнд орох нь зөв зүйтэй зүйл. Шагнал, медалиасаа илүү ур чавар, туршлагаа дээшлүүлэх зорилгоор орох нь зүйтэй. Иймэрхүү зүйл харамсалтай санагддаг. Монголчууд хэдий болтол бусдыг даган дууриаж явахав дээ. Өөрсдийн соёл, хэв маягийг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байх хэрэгтэй. Би Монголын болон гадаадын тэмцээн уралдаанд явж байсан. Байр шагналын хувьд амжилт үзүүлж байсан. Энэ бүгдээс харсан миний гол зорилго бол Монголын үсчин гоо сайхны салбар дэлхийн жишигт хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Үүнээс тэдний соёл, чиг хандлагыг тусгаж авч Монголдоо хэрэгжүүлэхийг илүүд үздэг. Зөвхөн тэмцээн уралдаан биш, Монголын салонууд тэдний жишигт нийцээд тэдэнтэй адил санхүүгийн байдлаараа биеэ даасан хүчтэй болж байж бид дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртэх боломжтой байна гэдгийг олж харсан. Энэ ч утгаараа энэ салбарын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахыг хүсч явдаг юм. Ийм байж чадвал монгол үсчид хэдэн ч медаль хэдэн ч шагнал авах боломжтой. Монголын үсчид авьяаслаг, бас чадалтай.
 
-Таныг хүмүүс шилдэг үсчин гэдгээр мэднэ. Тэгвэл Баачка гэдэг хүн хувь хүн талаасаа ямар хүн бэ?

 
-Би энгийн л нэг монгол эр хүн. Болж өгвөл надтай адил мэргэжлийн, шинээр гарч ирж буй хүүхдүүдийг хоолтой нь залгуулчих юмсан гэсэн бодолтой явдаг. Дээр нь маш зөөлөн хүн. Хүнийг хэзээ ч өндөр дуугаар загнаж, харааж чаддаггүй. Бүх зүйлд эвтэй найртай хандахыг хүсдэг тийм л хүн дээ. Бас жаахан залхуу байж магадгүй. Өөрийгөө сүүлийн үед залхуу гэж дүгнээд байгаа. \инээв.сур\
 
-Хэрвээ та үсчин болоогүй, салон байгуулаагүй бол ямар мэргэжилтэй байх байсан бол. Тэр тухай төсөөлж байв уу?
 
-Өөр мэргэжил сонгосон бол тэр мэргэжлийнхээ хувьд бас гайгүй түвшинд явах байсан болов уу гэж хааяа боддог. Хийж буй ажилдаа үнэнч, галтай цогтой бол аливаа хүн ямар ч салбарт амжилт гаргах боломжтой. Би үсчин болохоосоо өмнө тогооч хийж, хоёр гурав хоногоор ажилладаг байлаа. Өглөө зургаан цагт босч мантууны гурил зуураад, бууз, баншаа чимхэх зэргээр маш их ажиллаад сард 60 мянган төгрөг авдаг байсан. Гурван жилийн турш хийсэн энэ ажил намайг амьдралд сургасан. Бага насаа дурсахаар их сайхан дурсамжтай санагддаг.
 
-Өөртөө тавьсан эрхэм зорилго юу вэ. Та ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?
 
-Миний сайхан, муухай байна уу огт хамаагүйгээр намайг дууссаны дараа “MATRIX” гэдэг нэр үеийн үед оршин тогтнож улам өргөжин дэлхийн жишигт нийцсэн компани болсон байхыг хүсдэг. Хүн ганц олдох амьдралдаа юм хийж бүтээх нь хязгаартай байдаг. Гэхдээ чадлынхаа хэрээр хийж бүтээхийн төлөө явж байна.
 
-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олон болон танд арван жилийн ойн баярын мэндийг хүргэе?

 
-Нийт хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Арван жил бидэнтэй хамт байж, биднээр үйлчлүүлсэн бүх хүнд баярлалаа. Бүх үйлчлүүлэгчдийнхээ насан туршийн сэтгэл ханамжийг өндөрт байлгахыг эрхэмлэж ажиллана. Бидэнд итгэдэг үйлчүүлэгч нар байгаагүй бол манай салон энэ амжилтад хүрэхгүй байсан.
 
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Баачка билэг танхай үсчин
Би 10 жилийн өмнөөс Баачкагаа мэднэ. Миний нүдэн дээр өсч торниж, үйл ажиллагаагаа өргөжүүлж яваа залуу. Баачка маань зүгээр нэг үсчин биш, дизайнер, жинхэнэ стилист байж, энэ салбарыг урлагийн хэмжээнд хүргэж, хүмүүст мэдрүүлсэн хүн. Зарим үсчин хүмүүсийн хэлснээр засдаг бол мань эр өөрийнхөө мэдрэмжээр тухайн хүнийг өөрчилж чаддаг. Хүмүүс мастер гэсэн цолтой үсчин л бол сайн үсчин гэсэн ташаа ойлголттой явдаг. Би бол Баачкаг задгай, билэг танхай үсчин гэж нэрлэнэ. Тийм учраас дэмжиж, талархаж явдаг. Үсчний ур чадвараа дээшлүүлэхэд чармайхын зэрэгцээ бизнес нь сүүлийн жилүүдэд үнэхээр давшингуй хөгжиж байна шүү дээ. “Матрикс” салоны хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.
 
Нэвтрүүлэгч С.Чимгээ: Баачкагийн маань энгийн даруу зан чанар нь таалагддаг
Баачкатайгаа олон жил хамтарч ажиллан, стиль имижээ даатгасаар ирсэн. Миний ололт амжилт бүхэнд маань түүний ур ухаан, торгон мэдрэмж салшгүй холбоотой. Шоу арга хэмжээ, энгийн бөгөөд рекламны зураг авалт гээд тухайн цаг үеийг мэдэрч үс засна гэдэг бол үсчин хүнээс чамгүй ур чадвар шаарддаг ажил. Баачкагийн маань энгийн даруу зан чанар ч бас таалагддаг. “Матрикс” салоноор үйлчлүүлэгчид гэртээ байгаа юм шиг ая тухтай үйлчлүүлж, стрессээ тайлж чаддаг. Үсчин, гоо сайхны салбарт бусдад үлгэрлэхүйц ахиц дэвшил гаргаж, орчин цагтайгаа нийцсэн, үйлчилгээний сонгодог жишгийг баримталж буйд нь талархаж явдаг даа.
 
“Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун: Баачка эерэг энергитэй
Эр хүн тэргүүнээ хэнд даатгах вэ гэдэг хамгийн түрүүнд бодож үзэх ёстой асуудал байдаг. Хийморьтой, хөдөлмөрч, аливаад авхаалж самбаатай ханддаг дүүгээ тэргүүндээ хүргэдэг болохоор сэтгэл тэнэгэр явдаг шүү. Ажлын байрны орчин нөхцөл, зан чанар, хамгийн гол нь өөриймсөг сэтгэлээрээ Баачка үйлчлүүлэгчдээ соронзоддог юм шиг санагддаг. Нэг үгээр хэлбэл, Баачкагийн үс засалт, ажлын орчин, дотор сэтгэлд нь оргилж буй хийж бүтээе гэсэн үнэнч хандлагаас нь эерэг энерги ялгардаг юм. Матриксчууддаа 10 жилийн ойн гал халуун мэндийг өргөн дэвшүүлж, цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.
 
Топ модель Г.Уранцэцэг: Тэр сайн бизнесмен

“Matrix” салоны Бачкатай загварын тоглолт болон, реклам зар сурталчилгааны зураг авалтуудад олон жил хамтарч ажиллаж байна. Чадварлаг мэргэжлийн үсчин төдийгүй сайн бизнесмен гэж миний хувьд үнэлж, хүндэтгэж явдаг. 2007 онд топ моделийн шагнал авдаг жил бусдаас содон шинэлэг үстэй, өвөрмөц дүр төрхийг цогцлоож өгсөн. Мөн 2010 онд Солонгос улсад зохион байгуулагдсан “Elit Model Asia Look” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоход Бачка болон “Matrix” салоны хамт олон миний үсний стиль имижийг тодорхойлон гайхалтай сайн ажилласан. Та бүхэнд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.
 
Ярилцсан. Д.Эрдэнэсолонго
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш