Японы эрх баригчид цунамид өртөн осол болсон Фүкүшима Дайчи АЦС-ын ойр орчмын 20 км-ийн радиуст цацраг хэвийн хэмжээнээс хэд дахин их байна гэж үзэн уг бүст амьдарч байсан 70 гаруй мянган хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн. Гэхдээ тэд тэжээвэр амьтад болон үхэр малыг нүүлгэн шилжүүлээгүй юм. Фүкүшима Дайчи АЦС-ын ойр орчмын хотууд эзгүйрч ямар ч хүнгүй болжээ. Харин тэжээмэл амьтан үхэр мал тэнд дураараа бэлчиж, хагас зэрлэгшжээ. Эдгээр хотуудын орхигдсон амьтдын хооронд амьд үлдэхийн төлөөх байгалийн шалгарал явагдаж байна гэж хэлж болно. Зарим тохиолдолд тэмээн хяруул зэрэг зэрлэг амьтад хүртэл хот суурингуудад үзэгдэх болжээ. Японы амьтан хамгаалах нийгэмлэг голомтот бүсээс үл мэдэгдэх өвчнөөр үхсэн олон нохойг олсон байна. Амьтан хамгаалагчид амь үлдсэн нохдыг голомтот бүсээс гаргаж, амьтдын асрамжийн газруудад хүргэж байна. Одоогоор тэнд 300 орчим хагас зэрлэгшсэн муур нохойг аваачжээ. Тэд эрх баригчид хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхдээ тэдний тэжээвэр амьтдыг ч авч явах ёстой байсан гэж тэд мэдэгджээ. Амьтан хамгаалагчид нүүж одсон хүмүүстэй холбоо тогтоож, амьтдыг эргүүлэн эзэнд нь олж өгөх ажлыг өрнүүлж байна. Гэсэн ч ажлын явц муу байна. Учир нь жил гаруй хугацаанд ямар ч хараа хяналтгүй байсан тэжээмэл амьтад цацрагт өртөж, ямар нэг халдварт өвчтэй болсон байж магадгүй гэж эзэд нь болгоомжилж байгаа ажээ.
Shuum.mn
Shuum.mn